Орон сууцны зээл болоод ипотекийн зээл, зарим урт хугацааны зээлийг арилжааны банкууд хязгаарлаж наадмын дараагаас хэвийн олгохоо өнгөрсөн сард мэдээлсэн. Учир нь, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон, санхүүжилт бага байгаагаас шалтгаалж зарим банк иргэдийн зээлийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь өнгөрсөн тавдугаар сарын 23-наас эхлэн бүрэн зогсоожээ.
Учир нь, Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээ бага байгаа тул иргэдийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа багадаа 3-4 сар болсон байна. Иймд банкууд дотоод зохицуулалт хийж иргэдийн хүсэлтийг түр хугацаанд авахгүй байх шийдвэр гаргасан болохоо тайлбарлалаа.
Мөн аль гурав, дөрвөн сарын өмнө өгсөн иргэдийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээгүй байгаагаа ч банкууд хэлж байна. Тиймээс арилжааны банкууд хэзээнээс ипотекийн, орон сууцны зээл олгож эхлэх талаар тодрууллаа.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛЫГ ИРЭХ САРААС ШАЛГУУРЫН ДАГУУ БҮРТГЭНЭ
Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган өрх бий. Гэвч зээлийн шалгуурт тэнцэх амаргүй даваа. Ипотекийн зээл хэдийгээр бага хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрт багасч байгаа аж. Арилжааны банкуудын эдийн засагчдын хэлж байгаагаар 160 сая төгрөг хүртэлх хэмжээтэй 30 жилийн хугацаатай зээл нь орон сууц барьцаалсан хувь банкнаас гаргадаг зээлээс хүүний төлбөр харьцангуй бага. Учир нь орон сууцны зээл буюу байр барьцаалсан зээл нь жилийн 18 хувийн хүүтэй дээд лимит нь 100 хүртэлх сая төгрөг байдаг байна. Тиймээс ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа урт ч хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.
Ачаалал, хүсэлт өгсөн иргэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж Хаан болон Худалдаа хөгжлийн банк тавдугаар сард тавьсан хязгаарлалтаа өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа аж. Харин Төрийн банк, Голомт, Хас банкны тухайд иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.
Хаан банкны зээлийн эдийн засагчийн өгсөн мэдээллээр тус банк дээрээс ирсэн тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 23-наас эхлэн ипотекийн зээл олголтыг бүрэн зогсоож, хүсэлт авахгүй хэвээрээ байгаа аж. Харин ирэх сараас шалгуурт нийцсэн иргэдийн ипотекийн зээлийн материалыг авч эхлэх гэнэ. Гэхдээ материалыг авсан ч хамгийн багадаа 2-3 сар хүлээх шаардлагатай гэв. Харин Худалдаа хөгжлийн банкнаас асуухад ипотекийн зээлийн хүсэлтийг авахгүй байгаа. Мөн орон сууцны зээлийн олголт буюу урт хугацаатай зээл гаргахгүй байх шийдвэр тавдугаар сарын 9-нд гарчээ. Тиймээс байр, орон сууц авах иргэдэд үйлчлэх зээлийг тус банкнаас бүрэн хязгаарласан байна. Шалтгаан нөхцөлийг тодруулахад удирдлагуудаас ирсэн шийдвэрийн дагуу зээл олголтыг зогсоосон. Тушаалаас өмнө хүсэлтээ өгсөн иргэд хүлээлгийн хугацаа нь хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Мөн Худалдаа хөгжлийн банк хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл болон автомашины зээл хэвийн олгож байгаа бөгөөд ипотекийн зээлийг зөвхөн эмч нарт 100 сая төгрөг дотор гаргаж байгаа талаар салбарын ажилтан хэлсэн юм. Учир нь Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоожээ.
Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй байна.
ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ЖИЛИЙН 12-17 ХУВИЙН ХҮҮТЭЙ
Ипотекийн зээл авах боломжгүй иргэд зах зээлийн хүүтэй буюу сарын 1-1.5 хувийн хүүтэй арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ ихээр өгөх болсон байна. Энэхүү зээлд ч хамрагдах хүсэлтэй иргэд их байгаа учраас материалыг шалгуурт нийцэж байгаа эсэхийг 15-30 хоногийн дотор хянаж үзээд зээлийн эдийн засагчид иргэдтэй холбогдож байгаа аж.
Арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах иргэдийн шалгуур нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан эсэх маягт болоод сүүлийн 12 сарын дансны хуулга, өргөдөл зэрэг байна.
Мөн үүн дээр нэмээд байрны гэрчилгээ бичиг баримт хэрэгтэй гэсэн юм. Учир нь тус зээл нь тухайн авах гэж байгаа орон сууцыг барьцаалсан хэлбэрээр олгодог байна. Энэ нь иргэдэд нэг талаар хүүгийн дарамт үзүүлдэг ч бэлэн мөнгөөр төлөлт хийх боломжгүй иргэдэд харьцангуй таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг иргэд хэлж байна. Зах зээлд ипотекийн зээл болон орон сууцны зээл тодорхойгүй хугацаанд зогсч байгаа нь нөгөө талаар үнийн хэт хөөсрөлийг арилгах боломжтойг эдийн засагчид онцолж байна.
ИПОТЕКЭЭС ГУРАВ ДАХИН ӨНДӨР ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД Ч ЛИМИТ ТОГТООСОН
Банкуудын эдийн засагчид зээлийн материал шалгуурыг хянах хугацаагаа сунгасан байна. Тодруулбал, өмнө нь зээлийн эдийн засагчид иргэдийн хүсэлтийн дагуу бичиг баримтад тулгалт хийж шалгуурыг тогтоодог байжээ. Харин одоо 25-30 хувийн урьдчилгаагаа төлөөд шалгуурт тэнцсэн иргэд ч 30 жилийн хугацаатай зээлд хамрагдаж чадахгүй байгаа аж.
Мөн урьдчилгаа төлөхөөс гадна 100 сая төгрөгөөр лимит тогтоож байгаа нь иргэдийн эрхийг хязгаарлаж, банк давуу талаа ашиглаж байгааг ч хүмүүс хэлж байна.
Угтаа урт хугацааны зээлийг олгох нь иргэдийн аж амьдралд хэрэгтэй ч нөгөө талаар үнийн хэт хөөсрөл, эдийн засгийн уналтыг сэргээж болзошгүй тул ийнхүү арилжааны банкууд хязгаарлалт тогтоох шийдвэрээ ирэх есдүгээр сар хүртэл цуцлахгүй төлөвтэй байна.
Холбоотой мэдээ