Хөдөө тал аялагчдын “жорлон” биш!

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Хөдөө тал аялагчдын “жорлон” биш!

Хөдөө тал аялагчдын “жорлон” биш!

Зуны улиралд аялал жуулчлалын салбар “амь ордог”. Монголчууд цар тахлын дараа өргөн дэлгэр наадаж, хөдөө нутгийг зорин амарч байна. Энэ л үед Монгол орныхоо сайхан байгальтай танилцаж, сэтгэл оюунаа амраах хүсэлтэй дотоодын аялагчид олширдог билээ. Гэвч эх орноороо аялж сэтгэлээ сэргээх бус эсрэгээрээ стресст орох нь ч бий.

Сүүлийн жилүүдэд зуны улиралд гэр бүл, албан байгууллага, хамт олон, найз нөхөдтэйгөө байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газруудаар аялах нь ихэссэн. Тэр хэрээр байгальд хог хаягдал ихэсч, ил задгай бие засах асуудал энгийн үзэгдэл болсон.

Дотоодын аялагчдын маршрутыг харвал, Манзуширын хийд, Тэрэлж, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Тайхар чулуу, Хөвсгөл далай, Хар зүрхний хөх нуур, Элсэн тасархай, Хэцүү хад, Алтай таван богд, Буйр нуур гэх мэтчилэн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг зорьж буй.

Гэвч эдгээр газруудад аялагчдын бие засах газар, хогийн цэг огт байхгүй. Байгаа нэг нь хүн орохын аргагүй байдгийг аялагчид хэлдэг. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэх болгондоо албаныхан “Жорлон барина” гэж ярьдаг. Харамсалтай нь дотоодын аялагчдын хамгийн ихээр зорин очдог газруудад суух нэг ч сандал, нэг ч жорлон барьсангүй өдийг хүрлээ.

Хотоос 1000 километрийн зайд байрлах Хэцүү хад гэхэд жил бүр аялагчдын хөлд дарагддаг. Аялагчид яг газар дээр нь очихоор хөл гишгэх зайгүй шахам ялгадас, хогоор дүүрснийг гайхацгааж, халагладаг хэрнээ нэмээд хогоо үлдээгээд явах жишээтэй. Хэдийгээр  нэг үеэ бодоход аялагчид ухамсартай, соёлтой болсон ч олон жилийн хур хог жилийн жилд яг хэвээрээ үлдэнэ.

Олон нийтийн сүлжээнээс зургийг ашиглав

Хөвсгөл далайн эрэг Жанхайг хамгийн их жуулчин зорин очдог. Тэнд ганцхан жорлон байрлуулсан ч үнэр танар хүн ойртохын аргагүй байсан. Тухайн орон нутгийн зүгээс жуулчид олноор ирдэг газраа тохижуулж, цэвэрлээд, татвар хураамжаа авдаг бол татгалзах зүйлгүй гэдгийг аялагчид хэлж байв.

Гэтэл ямар ч үйлчилгээ байхгүй, биологийн асуудлаа ч шийдэх боломжгүй газарт очихын тулд хураамж төлдөг нь шударга бус санагддаг гэдгээ ч хэлсэн.

Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу зургадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94355 аялагч, гадаадын 8000 жуулчин, нийт 102355 иргэн, 18871 автомашинаар нэвтэрчээ. Тэгвэл наадмын өдрүүдэд нийслэлээс 117 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон статистик байна.

Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.

Долдугаар сараас эхлэн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2561 хүн 768.301 төгрөгийг цахимаар төлжээ.

Саяхан дэлхийгээр аялагч солонгос залуугийн Монголд аялсан тэмдэглэлийг олон хүн сонирхон үзжээ. Монгол орны байгаль, хот хөдөөний амьдралын хэв маягаас гадна монголчуудын хандлага харилцааг харуулсан нь нэгийг бодогдуулав. Аялагч залуу автобусанд суусан зорчигчид түр зогссон зураглалыг харуулахад бүх зорчигч ил задгай бие засах нь тэр. Нүүр улаймаар. Дотоодын аялагчид тав тухтай аялж чадахгүй байхад юу нь гадаадын нэг сая жуулчин хүлээж авах. Ёстой мянгуужингийн үлгэр.

Ийн үзэсгэлэнт байгаль, эртний түүх соёлтой манай улсын хувьд орон нутагт аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх боломж бүрэн бий. Заавал үнэтэй, сүртэй хөшөө дурсгал байгуулж төсөвт хүндрэл учруулалгүйгээр юуны түрүүнд жорлон, хогийн цэгтэй болох нь чухал юм шиг ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж