Шатахууны үнийн өсөлт Засгийн газар дээр гал дуудав. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаа хэдий ч Монголд шатахууны үнэ сараас сард өсч буй нь эдийн засгийн хямралын том шалтгаан болж байна. Үнийн хөөрөгдлөөс болж монголчууд оросуудын аманд гүйгээд орчихвол, нэгэнтээ амандаа орсон шар тосыг тэд хэлээрээ түлхэх тэнэгүүд биш л дээ.
Эдийн засгийн гинжин хэлхээгээрээ шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Үүнийг буруутгах аргагүй. Гэвч монголчууд “унжаад байхаар….” гээд хувь тавилантайгаа эвлэрээд суух уу, эсвэл өөрсдөд байгаа бүх боломж бололцоогоо ашиглаж үнийн хөөрөгдөлтэй тэмцэх үү. Мэдээж, эрчим хүч, төмөр зам, газрын тосны салбарт “ноёрхлоо тогтоох” санаатай байгаа оросуудтай тусгаар тогтнолоороо тулчихаж болохгүй.
Тиймээс шатахууны үнийг бууруулах, тогтворжуулахын тулд эрх баригчид хадаг яндар бариад айлаас гуйх биш авдраа уудлаад үзвэл буруудахгүй. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлттэй тэмцэх боломж байна. Харин бодлого, шийдвэрээ гаргаад өгчих л гэж байгаа юм. Чухамдаа шатахууны үнээс үүдэлтэй энэ салбарт шинэ зохицуулалт хийх шаардлагатай байна гэсэн үг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь оросуудтай ярьж байгаа гэхээс өөрөөр тайлбаргүй, хийж чадах, мэдэж шийдэх олигтой ажил түүнд алга. Уг нь шатахуун импортлох тусгай зөвшөөрөл, түүхий эдийн хоригоо цуцлахад л шатахууны үнийг буруулах боломж нээлттэй.
Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэггүй тул үнэ өсөхөөс аргагүй байна гэсэн тайлбарыг салбарын яам, импортлогчид байнга шахуу л хэлдэг. Атал монголчууд 2001 оноос эхлэн бага хэмжээгээр нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж оролдож, А80 бензин хүртэл үйлдвэрлэж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд 2019 оноос дотооддоо түлш бага хэмжээгээр үйлдвэрлэж, тэр нь Монгол Улсын түлшний нөөцийг тодорхой хувиар бүрдүүлж байсан бий.
Гэвч, хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэх шүүмжлэл, гомдлын дагуу Монголд оруулж ирдэг байсан түүхий эдэд татвар онцгой татвар тавьчихсан. Энэ нь цөөн хэдэн монополь импортлогчдын, “Роснефть”-ийн улс төр байсан ч байх. Хэрэвзээ, газрын тосны түүхий эдэд онцгой албан татвар ногдуулаагүй байсан бол тодорхой хэмжээгээр дотооддоо түлш үйлдвэрлэж, ядаж л газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хүртлээ “гал алдахгүй” байж болох байсан биз. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болохоор түүхий эдэд тавьсан онцгой албан татвар нь мэдээж тээг болох нь гарцаагүй.
Монголын газрын тосны зах зээлд чөлөөт өрсөлдөөн байхгүй. Ганц орос цорготой. Тэр нь үе, үе карантаа дураараа хааж, хилийн үнэ нэмдэг. Тэндээс Монголд шатахуун авчирч худалдах тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй аж ахуйн нэгж байдаг гэх ч үнэн хэрэгтэй 20 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр 20 аж ахуйн нэг нь гурав, дөрөвхөн томчуудын охин компани гэхээр Монголын шатахууны зах зээл цөөн хэдэн монполиудын гарт орчихсон. Цөөн хэдэн импортлогч, ганц нийлүүлэгчийнхээ /Роснефть/ барьцаа шахалтаасаа гарч чадалгүй Монгол Улс тэдэнд байдаг боломжоо “дэлгэж” ирсэн. Харамсалтай нь, тэд боломж гарах бүрийд үгсэн хуйвалдсаар өдий хүрсэн нь худлаа биш.
Тиймээс шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах нь эдийн засаг ашигтай байж мэднэ. Ядаж л уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа хэрэглэх шатахуунаа өөрсдөө импортлох боломжтой болно. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”, МАК гээд уул уурхай, газар, тариалан барилгын томоохон компаниуд өөрсдийнхөө хэрэглэх шатахуун, түлшийг гаднаас оруулж ирэх бололцоотой болно. Үйл ажиллагааных нь зардал буурна.
Үүн дээр түүхий эдийнх нь хоригийг цуцлах юм бол шатахууны үнэ буурна, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Эдийн засаг, үндэсний аюулгүй байдал талаасаа аль нь хийх ёстой, бүр шаардлагатай зохицуулалт болчхоод байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ