“Гал дээр тос нэмэхгүй ч гараа хумхиад суухгүй”

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

“Гал дээр тос нэмэхгүй ч гараа хумхиад суухгүй”

“Гал дээр тос нэмэхгүй ч гараа хумхиад суухгүй”

НҮБ-ын Украин дахь суурин зохицуулагчийн газрын дарга Оснат Лубрани Украинд 16 сая орчим хүнд ундны ус, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Тэрбээр “ОХУ-ын түрэмгийллийн улмаас 5000 орчим энгийн иргэн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан мэдээ бий ч энэ нь аймшигт бодит байдлын нэгээхэн хэсэг юм” гэж хэлсэн билээ. Дайн эхэлснээс хойш зургаан сая украин хүн орон гэрээ орхин, дотооддоо дүрвэсэн ч таван сая гаруй нь нутагтаа эргэн иржээ.

Европын холбооны орнууд Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээгээ авахаар төлөвлөн ажиллаж буй аж. Энэхүү дайн зөвхөн сөргөлдөгч хоёр талд бус, дэлхийн эдийн засагт ч маш хүнд цохилт болсон хэвээр байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Украины дайн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний эргэн тойронд болж буй үйл явдлуудын мэдээллийг онцоллоо.

Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес өнгөрсөн Даваа гариг (2022.07.18)-т Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ Европын холбооны нэг ч орон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг хүсэхгүй байгаа талаар хэлэв. Тэрбээр "Европын холбооны нэг ч улс ОХУ-ын эсрэг хоригоос нэг алхам ухрах, цаашлаад царцаахаар төлөвлөөгүй байна. Бид ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээгээ авахаар бэлтгэж эхэлсэн. Мөн ОХУ-ын эсрэг өмнө нь авсан зургаан багц хязгаарлалтад дүн шинжилгээ хийнэ” гэж тэмдэглэжээ.

Альбарес "Шинэ хориг арга хэмжээнд алт багтах магадлалтай" гэж нэмж хэлэв. Мөн тэрбээр "Бид Украины армийн цэргийн хүчин чармайлтыг дэмжих тухай, Испанийн дэмжлэгтэй ойролцоогоор 500 сая еврогийн тусламжийн тухай хэлэлцэнэ” гэжээ.

ХБНГУ-ын канцлер Киевт ямар л тусламж дэмжлэг хэрэгтэй байна бид бүгдийг үзүүлнэ гэж амлав. “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд өнгөрсөн Даваа гаригт нийтлэгдсэн нийтлэлд Олаф Шольц “Москва, Киев хоёр ОХУ-ын тавьсан нөхцлөөр энхийн гэрээ байгуулбал Европын холбоо Украины нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй” гэж байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сүүлийн саруудад Европын холбоо Оросын түрэмгийлийн эсрэг асуудлаар санал нэгдэж, урьд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээ авсан" гэж хэлсэн байна. Засгийн газрын тэргүүн нэмж хэлэхдээ "Бид анхнаасаа урт хугацааны хориг арга хэмжээнүүд авах шаардлагай гэдгийг мэдэж байсан" гэжээ.

Шольц “Оросын хүссэнээр энхийн гэрээ хийсэн тохиолдолд хориг арга хэмжээнүүдийн нэг нь ч цуцлагдахгүй нь тодорхой байна. Оросын хувьд Украинтай тохиролцохоос өөр арга зам үлдээгүй. Украинд эдийн засаг, хүмүүнлэг, санхүүгийн тусламж, зэвсгийн хангамж шаардлагатай байгаа цагт бид дэмжиж тусласаар байх болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр Герман улс Оросын эрчим хүчний хараат байдлаас ангижирна гэж найдаж байгаа ч энэ нь ХБНГУ шиг хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй орны хувьд амаргүйг хүлээн зөвшөөрчээ. Шольц "Бидэнд тэсвэр, тэвчээр хэрэгтэй" гэж хэлсэн байна. Украинд болж буй үйл явдлын сөрөг үр дагавар, тэр дундаа бензин, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж Германы олон иргэн хохирч байгааг хэлээд, "Хямралаас гарахын тулд ажил олгогчид, үйлдвэрчний эвлэл, эрдэмтэд, албан тушаалтнууд нэгдэх шаардлагатай" гэжээ.

Украины дайны улмаас Европын хэд хэдэн оронд долдугаар сарын 18-нд нийлүүлэгдэх цахилгаан эрчим хүчний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн талаар “Норд Пул” биржийн мэдээллээс харж болох аж. Тодруулбал, Францад нэг мВт/цаг эрчим хүчний үнэ 486 евро, Германд 396,07 евро, Бельгид 408,21 евро, Нидерландад 377,37 евро, Австри улсад 449,06 евро, Дани улсад 381,67 еврод тус тус хүрчээ. Литва, Латви улсад цахилгаан эрчим хүчний үнийг МВт/цаг тутамд 278,41 евро, Эстони, Финландад 244,75 евро байхаар тогтоосон байна.

Үүний зэрэгцээ Лондоны ICE бирж дээр өнгөрсөн Даваа гаригт 1000 шоо метр байгалийн хийн үнэ 1730 ам.доллараар арилжаалагджээ.

“Их долоо”-гийн бүлгийн орнууд шаардлагатай тохиолдолд ОХУ-ын эсрэг урд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээ авахаа амалсан. Түүнчлэн тус бүлгийн удирдагчид Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэхээ амалж, олон улсын хурал зохион байгуулах шаардлагатайг тэмдэглэжээ.

"Их долоо"-гийн бүлгийн удирдагчид сүүлд хийсэн мэдэгдэлдээ Орост хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалт үзүүлэхээ илэрхийлэв. Тэд мөн ОХУ-ын экспортын орлого, тэр дундаа алтны борлуулалтаас олох орлогыг бууруулах чиглэлээр ажиллахаар тохиролцжээ. Үүнээс гадна тэд Хятадыг шүүмжилж, ОХУ-д шахалт үзүүлэхийг уриалж, Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлээд, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг уриалсан байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияртотой утсаар ярихдаа “Бээжин Украины мөргөлдөөн хурцадсаныг зүгээр  ажиглаад суух бодолгүй байна” гэж мэдэгдэв. Энэ тухай өнгөрсөн Даваа гаригт Хятадын Гадаад хэргийн яам мэдээлэв.

Ван И "Манай улс Украины хямралд оролцоогүй. Гэвч бид болж буй үйл явдлыг гаднаас нь ажиглаад, гараа хумхиад суух бодолгүй байна. Украины хямрал Европт хүнд цохилт болсон төдийгүй сөрөг үр дагавар нь дэлхий дахинд хэдийнэ бий болоод байна” гэж хэлснийг тус яам иш татжээ.

Хятадын Гадаад харилцааны сайд, Бээжин "гал дээр тос нэмэхгүй" бөгөөд энхийн хэлэлцээг тууштай дэмжинэ" гэж мэдэгдсэн байна. Сайд “Украины хямрал бидэнд хатуу сургамж өгсөн, холбогдох талууд асуудалд нухацтай хандах ёстой" гэж нэмж хэлжээ. Түүний хэлснээр, өнөөгийн нөхцөлд дэлхийн хамтын нийгэмлэгийн уялдаа холбоо, хүчин чармайлтаар "Европ дахь аюулгүй байдлыг хангах үр дүнтэй, тогтвортой механизм" бий болгох шаардлагатай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр “ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч хориг арга хэмжээний улмаас барууныхны төсөөлж байсан шиг хэмжээнд хүрээгүй” гэж мэдээлэв. Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "хөгжлийн амбицтай төлөвлөгөөг цуцлахгүй" гэж нэмж хэлжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Максим Орешкин өмнө нь Оросын эдийн засаг 2022 оны эцэс гэхэд "эерэг" үзүүлэлттэй гарна гэж мэдэгдэж байсан аж.

“The Economist” АНУ-ын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлын улмаас Вашингтон Киевийг дэмжихээ зогсоож магадгүй талаар бичжээ. Тус хэвлэл “АНУ Украинд 40 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлж байгаад Ардчилсан намынхан сэтгэл дундуур байна гэж тэмдэглэжээ. Тиймээс АНУ Киевийн дэглэмийг дэмжих нь ирэх сонгуульд Бүгд найрамдахчууд ялах эсэх инфляци өндөр байгаа нөхцөлд хүн амын дургүйцлийг төрүүлж болзошгүй зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж болох юм гэж үзэж буй аж. Мэрилэндийн их сургуулиас саяхан хийсэн санал асуулгын дүн Украиныг дэмжих асуудлаар Ардчилсан нам болон Бүгд найрамдахчуудын хоорондын ялгаа улам бүр нэмэгдэж буйг харуулжээ.

Литвийн Гадаад хэргийн сайд асан Линас Линкявичюс “Европын холбооны орнууд Украинд санхүүгийн тусламж үзүүлэхээс илүү эх үүсвэрийн төлбөр болгон Орос руу илүү их мөнгө илгээж байна” гэж мэдэгдэв. Мөн “Оросын эсрэг хориг арга хэмжээ нь ОХУ-аас илүү Европын холбооны орнуудад илүү их хохирол учруулж байна” гэж хэлжээ.

АНУ Европын холбоог хууран мэхэлж, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах ажиллагааг өдөөсөн гэж “The Global Times” онцолсон байна. Вашингтон Европ шиг Оросоос эрчим хүч, худалдаа наймааны хувьд  ихээхэн хамааралтай биш учраас харьцангуй бага хохирол амсч буй аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд хэмжээний уулзалтын үеэр ОПЕК-ийн гишүүн болох Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб улс эрчим хүчний үнийн өсөлтийг зогсоохын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн тухай "Ройтерс" агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Үүнээс гадна тэд Украиныг сэргээн босгох асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах саналыг дэмжсэн байна. Үүнтэй холбогдуулан Германы канцлер Олаф Шольц “Украины Маршаллын төлөвлөгөө” зайлшгүй шаардлагатайг онцолжээ. Бундестаг хийн хямралын үеэр хаагдах шатандаа байгаа, мөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нөөцөд буй, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг түр хугацаагаар ашиглахыг өмнө нь зөвшөөрсөн билээ.

Германд байгалийн хийн нийлүүлэлт багассантай холбогдуулан өмнө нь хаасан, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дахин ажиллуулах шийдвэр гарчээ. Ногоон намын төлөөлөгч "Энэ нь бид дулаарлыг 1.5 градусын дотор барих зорилт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө орхино гэсэн үг биш" гэж хэлэв.

Өдгөө Герман улс байгалийн хийн нийлүүлэлт багассан нөхцөлд бэлэн байдлын гурван шатны хоёр дахь шатыг зарлаад буй. Хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэдээ эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг уриалж байна. ХБНГУ-д хий нийлүүлж байсан "Норд урсгал" төлөвлөгөөт засварын ажлын улмаас хаагдаад байгаа юм.

"Барууны хориг арга хэмжээ ОХУ-ыг өвдөг сөхрүүлэхгүй. Гагцхүү гуравдагч орнууд үүнээс болж их хохирно" гэж Шри-Ланкын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Ранил Викрамасингхэ мэдэгдсэнийг өнгөрсөн Даваа гаригт Энэтхэгийн “Доордаршан" телевизийн суваг иш татан мэдээлэв.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өмнө нь дэлхийн хүнсний хямрал Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс нэлээд өмнө үүссэн. Үүний шалтгаан нь Covid-19 цар тахал болон барууны орнуудын буруу тооцоолол байсан гэж мэдэгдсэн байна. Өнөөгийн нөхцөл байдал асуудлыг улам хурцатгаж, барууны хориг арга хэмжээ нь хямралыг улам гүнзгийрүүлэх, хүнсний хангамж тасалдах гол шалтгаануудын нэг болсон гэж тэрбээр онцолжээ.

Шведийн H&M компани Орос дахь үйл ажиллагаагаа аажмаар хумих бодлого баримталж байгаа аж. Тэд ОХУ-аас бүрмөсөн гарахаасаа өмнө үлдсэн бараа, бүтээгдэхүүнээ зарах бодолтой байгаа талаар өнгөрсөн Даваа гаригт H&M групп цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тиймээс хязгаарлагдмал хугацаанд дэлгүүрүүдээ түр нээхээр төлөвлөсөн байна. Тус группийн тооцоолсноор Оросоос бүрмөсөн гарахад 2 тэрбум швед крон (ойролцоогоор 192 сая ам.доллар) шаардлагатай аж.

RaHDIt-ын хакерууд Украины цэргийн тагнуулын албатай хамтран ажиллаж байсан Оросын иргэдийг илрүүлж, жагсаалтыг эрх бүхий байгууллагад шилжүүлсэн талаар тус бүлгийн нэрээ нууцлахыг хүссэн гишүүдийн нэг "РИА Новости" агентлагт ярьжээ.

Хакер "Бид Украины цэргийн тагнуулын ажилтнуудтай холбоо тогтоож, хамтран ажиллаж байсан иргэдийг зохих газарт нь шилжүүлсэн. Жагсаалт өргөн хүрээтэй, 2500 хүний тухай асуудал яригдаж байна" гээд, Украины тагнуулын албатай хамтран ажиллаж буй хүмүүсийг сайн дураараа бууж өгөхийг зөвлөжээ.

Орос, Украины дайны нөлөө Монголыг ч тойроогүй. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орны хувьд шатахуун, дизель түлшний томоохон асуудал тулгарч байна. Аи 95 автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдмэгц худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнээ 2-3 дахин өсгөж, өдрийн хоолоо арайхийн залгуулж буй бага, дунд орлоготой өрхүүдийн амьжиргаанд хүчтэй дарамт учруулсаар байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Өнгөрсөн 4-6 сард "Роснефть"-тэй олон удаагийн хэлэлцээр хийж, 1 тн АИ-92 ыг 840 ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувиар хямд худалдан авч байна. Үр дүнд нь АИ-92 автобензиний үнэ литр нь 2390 төг байна" гэж мэдээлсэн билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг айлчлах үеэр АИ-92 автобензинийг он дуустал нэмэхгүй байх талаар хэлэлцсэн байна.

Дэлхийн зарим улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, үхэх үү сэхэх үү дээрээ тулаад буй энэ үед манай улсын эдийн засаг сайнгүй, ялангуяа шатахууны хомсдол үүсч болзошгүй эрсдэл тулгарч буйг эдийн засагчид анхааруулж буй дурдъя.

Эх сурвалж: УУХҮЯ, REUTERS, TASS, BLOOMBERG, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж