Шри Ланкын түүхийг давтахад ойрхон байгаа орнууд

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Шри Ланкын түүхийг давтахад ойрхон байгаа орнууд

Шри Ланкын түүхийг давтахад ойрхон байгаа орнууд

Шри Ланка улс эдийн засгийн гүнзгий хямралд орсноор томоохон эсэргүүцлийн жагсаалууд өрнөөд буй. Түүнчлэн ерөнхийлөгч нь эх орноосоо дүрвэж, огцорлоо. Тэгвэл бусад улс оронд ч үүнтэй ижил төстэй асуудал үүсч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн тэргүүн мэдэгджээ.

“Өрийн түвшин өндөр, бодлогын орон зай хязгаарлагдмал улс орнууд нэмэлт дарамттай тулгарах болно. Хөгжиж буй орнууд ч мөн адил дөрвөн сар дарааллан хөрөнгийн гадагшлах урсгалыг туулж, өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэх мөрөөдлөө эрсдэлд оруулж байна” гэж ОУВС-ийн захирал Кристалина Георгиева хэлжээ.

Валютын хямралтай тэмцэж буй Шри Ланка улс 22 сая хүн амтай. Тэдний хоол хүнс, шатахуун, эм тариа зэрэг чухал импортын төлбөрийг төлөхөд хэцүү болсон.

Инфляци 50 орчим хувиар өсч, хүнсний бүтээгдэхүүний үнэ ч жилийн өмнөхөөс 80 хувиар өсчээ. Шри Ланкын мөнгөн тэмдэгт рупигийн ам.доллар болон бусад мөнгөн тэмдэгттэй харьцах ханш энэ онд уналаа.

Огцорсон ерөнхийлөгч Готабая Ражапаксаг цар тахлын улмаас үр нөлөө нь улам бүр дордсон сүйрлийн бодлогоор эдийн засгийг буруу удирдсан гэж буруутгаж буй. Тус улс олон жилийн турш асар их хэмжээний өрийн дарамтад орж, улмаар өнгөрсөн сард Ази Номхон далайн бүс нутгаас сүүлийн 20 жилийн хугацаанд гадаад өр төлбөрөө төлж чадаагүй анхны улс болсон юм. Олон улсын валютын сангаас гурван тэрбум ам.долларын тусламж авахаар албаныхан хэлэлцээ хийсэн ч улс төрийн эмх замбараагүй байдал дунд бодит ажил болж амжаагүй л байна.

Дэлхийн олон оронд инфляцийн өсөлт, зээлийн хүүгийн өсөлт, валютын ханшийн уналт, өндөр өр, гадаад валютын нөөц хомсдол зэрэг ижил төстэй асуудал нүүрлэж байна. Ийм асуудалтай орнуудын хувьд Хятад улс зонхилох зээлдүүлэгч нь байсаар ирсэн. Хятад улс эдийн засгийн томоохон өгөөж авчрахгүй өндөр үнэтэй дэд бүтцийн төслүүдийг дэмжиж буй нь буруу гэдгийг Олон улсын хямралын групп сануулжээ. Шри Ланкатай ижил замаар явж буй, түүхийг давтахад ойрхон байгаа орнуудыг доор онцолж байна.

ЛАОС

7.5 сая гаруй хүн амтай, далайд гарцгүй Лаос улс гадаад зээлээ төлж дийлэхгүй, хазгай гишгэхэд бэлэн байдалтай хэдэн сарын нүүр үзэж байна. Зүүн Азийн тус улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Гэтэл Орос улс Украинд түрэмгийлснээс болж нефтийн үнэ өссөнөөр шатахууны нийлүүлэлт хомсдож, хүнсний үнэ өсөв.

Шри Ланкын нэгэн адил шатахууны урт дараалал үүсч, зарим айл өрх төлбөрөө төлж дийлэхгүй байгаа талаар Лаосын орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болсон. Лаосын мөнгөн тэмдэгт кип ч уналтад орж, ам.доллартай харьцах ханш нь гуравны нэгээс илүү хувиар буурчээ. Ам.долларын ханш чангарснаар өрийн дарамт улам нэмэгдэж, импортыг өндөр өртөгтэй болгосон.

Аль хэдийнэ их хэмжээний өрөнд баригдаад байсан Лаос улс зээлээ төлөх үү, импортын төлбөрөө төлөх үү гэсэн ацан шалаанд ороод байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тус улс 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй байжээ. Харин гадаад өрийн нийт хэмжээ нь 2025 он хүртэл дотоодын нийт орлогын тэн хагастай тэнцэж байна. Эндээс улбаалаад тус улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Moody’s investor services”-ээс бууруулж, өрийн өндөр эрсдэлтэй ангилалд оруулсан.

Хятад улс сүүлийн жилүүдэд усан цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор Лаост асар их хэмжээний зээл олгосон. Өнгөрсөн онд л гэхэд 16 тэрбум ам.долларын өртөгтэй 813 төсөл хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкнаас мэдээлснээр, 2021 онд Лаосын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 88 хувьтай тэнцэж байна гэв. Үүний бараг тал хувь нь Хятадын өр юм.

Лаосын ардын хувьсгалт нам 1975 оноос хойш дангаараа засгийн эрхийг барьсан. Нэг намын бодлогоор олон жил явсан тус улс эдийн засгийн буруу менежменттэй удаан явсныг шинжээчид онцолжээ.

ПАКИСТАН

Засгийн газар шатахууны татаасаа зогсоосноор Пакистанд шатахууны үнэ тавдугаар сарын сүүл үеэс хойш 90 орчим хувиар өсчээ. Тус улс ОУВС-тай эдийн засгийн тусламжийн хөтөлбөрөө сэргээх талаар хэлэлцээ хийж буй. Тийм ч учраас зарлагаа аль болох танахыг хичээж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, зургадугаар сард инфляцийн түвшин 21.3 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Шри Ланка, Лаосын нэгэн адил Пакистанд ч гадаад валютын нөөц бага байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хэмжээ нь бараг хоёр дахин буураад байна.

Засгийн газрын орлого, зарлагын зөрүүг багасгахын тулд 1.93 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагыг ОУВС-аас тавьж буй. Үүний тулд томоохон үйлдвэрүүдэд нэг жилийн хугацаатай 10 хувийн татвар ногдуулжээ. Хэрвээ энэ ажил амжилттай болвол Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг бусад санхүүгийн зээлдүүлэгч Пакистанд зээл олгож магадгүй аж.

Пакистаны эдийн засгийн уналтад мөн л Хятад улс голлох үүрэг гүйцэтгэнэ. Тус улсын гадаад өрийн дөрөвний нэгээс илүү хувь нь Хятадынх байна. Тулгарч буй асуудлуудыг засна гэж амласан ерөнхий сайд асан Имран Хан засгийн эрхнээс огцорсон. Гэвч асуудал бүрэн шийдэгдээгүй л байсаар. Арга ядахдаа импортын төлбөрийг бууруулахын тулд ууж буй цайны хэмжээгээ багасгахыг ард иргэдээсээ хүсээд байна.

МАЛЬДИВ

Мальдив улсын өр сүүлийн жилүүдэд ихээхэн өсч, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 100 хувиас хол давжээ. Тус улсын хувьд эдийн засаг нь аялал жуулчлалтайгаа шууд хамааралтай байдаг. Тиймээс цар тахал аялал жуулчлалыг хязгаарлаж, эдийн засгийг нь сүйрүүлсэн.

Дэлхийн банкнаас мэдээлснээр, аялал жуулчлалаас хамааралтай байдаг улс орнууд өрийн хэмжээ өндөр байх хандлагатай байдаг гэв. Ялангуяа Мальдив нь арлын улс учраас түлшний хямралд өртөмтгий байдаг аж. АНУ-ын хөрөнгө оруулалтын банк “JP Morgan”-аас мэдээлснээр, тус улс 2023 оны эцэс гэхэд өрөө төлөхгүй байх магадлалтай гэлээ.

БАНГЛАДЕШ

Бангладеш улсад тавдугаар сард инфляци сүүлийн найман жилд байгаагүй дээд цэгтээ хүрч, 7.42 хувь болжээ. Нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд засгийн газар чухал бус импортыг хязгаарлаж, гадаадад амьдарч буй сая сая цагаачийн мөнгөн гуйвуулга татах дүрмийг зөөлрүүлсэн. Мөн өндөр албан тушаалтнуудын гадаад томилолтыг багасгах арга хэмжээ авчээ.

“Бангладеш, Пакистан, Шри Ланка зэрэг урсгал тэнцлийн алдагдалтай байгаа улсын засгийн газрууд татаасаа нэмэгдүүлэхэд ноцтой саад тулгардаг” гэж Олон улсын шинжээч Ким Энг Тан хэлсэн. Тиймээс Пакистан, Шри Ланка улсууд ОУВС болон бусад засгийн газруудад тусламж хүсч, хандаад буй. Бангладеш засгийн газрын зардлаа дахин эрэмбэлж, зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тавих шаардлагатай болсон.

Эндээс дүгнэхэд, цар тахалд нэрвэгдээд байсан дэлхийн эдийн засгийг хүнс, эрчим хүчний үнийн өсөлт улам ганхуулав. Их хэмжээний зээлтэй хөгжиж буй орнуудын сул дорой байдал нь тэднийг дэлхийн хямралын давалгаанд онцгой өртөмтгий болгож байгааг бэлхнээ харж болохоор байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж