Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд!

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд!

Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд!

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд улсын хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн, эрчимжүүлж буй. Тодруулбал, Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг  хатуу хучилттай авто замаар холбохоор зарим төслийг эхлүүлээд байна. Ингээд хилийн боомтууд дахь бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулъя.


14 ЖИЛ ГАЦСАН ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭВ

Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт энэ оны тавдугаар сард болсон. Энэ боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн билээ..

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг.

УЛЬХАН БООМТОД ОХУ, БНХАУ-ЫГ ХОЛБОХ ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРИ БАЙГУУЛНА

Хэнтий аймгийн Бэрх хот-Батноров сум, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдох 318.3 километр үргэлжлэх замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд буй. Цаашид Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-г БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридори байгуулна гэдгийг албаныхан мэдээлж буй.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бол хоёр хөрштэй холбогдох тээвэр логистикийн зангилаа бүс нутаг юм.

Тиймээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо  төмөр замын бүтээн байгуулалт, Дорнод аймгийн Хавирга, Баянхошуу, Сүмбэр зэрэг боомтуудыг автозамаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулах бөгөөд Чойбалсан нисэх буудлыг зүүн бүсийн 4С зэрэглэлийн олон улсын агаарын замын боомт болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээр зүүн бүс нутгийн өрсөлдөх чадвар хоёр дахин нэмэгдэж, экспортын эргэлт, эдийн засгийн тэлэлт, Түүхэн аялал жуулчлалд томоохон хувь нэмэр орох суурь нөхцөл бүрдэх юм.

ЦАГААННУУР БООМТЫН АВТО ЗАМЫН АЖИЛ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах боомт бол Цагааннуур. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна.

Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэх статистик бий.

Мөн Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27,8 км авто замын ажил өнгөрсөн жилээс эрчимжиж ирэх наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байгаа аж. Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэг том гарц бий болох юм.

ДАЯН БООМТЫГ ЗАМТАЙ ХОЛБОСНООР АЧААГ НЭГ ХОНОГ ТЭЭВЭРЛЭНЭ

Баян-Өлгий аймгийн Даян боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар  холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм.

Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтойг албаныхан дурдаж буй.

Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсч, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.

ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ 4 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас зогссон боловч тавдугаар сараас /2022-05-25/ хэвийн ажиллаж эхэлсэн. Ингэснээр улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй болсон.

Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажлыг хийж буй бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ" гэдгийг онцолж байв.

БИЧИГТ БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР ДУУСГАНА

Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны долдугаар сарын 2-ны өдөр анх нээж байжээ. Тус боомтыг 30 жилийн дараа олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажлыг /2022.07.2/ эхэлсэн. Энэ чиглэлийн төмөр зам нь 415 км урттай гэдгийг албаныхан мэдээлсэн.

Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт боомт. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм.

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХАГАС ЖИЛИЙН ДОТОР ДУУСГАНА

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт гуравдугаар сард /2022.03.11/ эхэлсэн. Энэ чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ханги боомт нь газар зүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болохыг албаныхан мэдээлсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэх аж. Өөрөөр хэлбэл, хоёр дахь Замын-Үүд болохыг Ерөнхий сайд онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж