ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украин дахь цэргийн ажиллагааг эрчимжүүлэх тушаал өгсөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ зүүн нутгийн Донецк мужийг бүрэн хяналтандаа авахын тулд хуурай замын бүрэн хэмжээний довтолгоогоо сэргээж магадгүй юм.
Шойгу Украин дахь ажиллагаанд оролцож буй цэргүүдийг шалгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам Бямба гаригт мэдэгдсэн.
Тэрбээр Донбасс болон бусад газарт Украины иргэний дэд бүтэц, оршин суугчдад цохилт өгөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэхийг тушаасан гэжээ.
Мөн ОХУ-ын хүчнийхэн Украин даяар пуужингийн довтолгоо хийсэн. Тэр дундаа Донецкийн бэхлэлт Сиверск хот руу пуужингийн цохилт өгсөн гэж тус яам мэдэгдэв. Украины 600 гаруй цэрэг хоёр өдрийн дотор амь насаа алдсан байна.
Оросын арми дараагийн бүрэн хэмжээний хуурай замын довтолгоонд бэлтгэхийн тулд хүчээ шинэчлэн зохион байгуулахад анхаарлаа хандуулсан гэж ажиглагчид үзэж байна.
Энэ нь долдугаар сарын 3-нд зүүн нутгийн Луганск мужийг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэний дараа болсон юм.
АНУ-ын судалгааны төв Оросын арми ажиллагаа түр зогсоож магадгүй гэж мэдэгдэв. Оросын цэргүүд Донецк мужийг хяналтандаа авахын тулд хуурай замын дайралтаа дахин эрчимжүүлж, бэлтгэнэ гэж Дайн судлалын хүрээлэнгээс мөн мэдэгдэв.
Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Бямба гаригт Оросын арми довтолгооныхоо дараагийн шатанд бэлтгэж байна гэж мэдэгдлээ. Украины арми барууны орнуудаас өгсөн өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем буюу “HIMARS” гэх мэт зэвсгээр тэмцэхэд бэлэн байгаа бололтой.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ