Байр суурь: Бензин, дизель дээр тусгаар тогтнолоо олох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Байр суурь: Бензин, дизель дээр тусгаар тогтнолоо олох хэрэгтэй

Байр суурь: Бензин, дизель дээр тусгаар тогтнолоо олох хэрэгтэй

Аи 95 автобензин, дизель түлшний үнэ өссөний улмаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэнд иргэд ихэд бухимдаж байна. Үүнтэй холбоотойгоор бензин, дизель түлшний үнийг хэрхэн зохицуулж, бууруулах боломжтой талаар эдийн засагчидтай ярилцаж, байр суурийг нь сонирхсоноо хүргэе. 

“ОХУ-ААС АВААД ХЭРЭГЛЭСЭН ШАТАХУУНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН ГЭЖ ОЙЛГОСОН”

Эдийн засагч Б.ЛХАГВАЖАВ:  

-Аи 95 автобензин, дизелийн түлшний үнэ өслөө. Шатахууны үнийн өсөлтөд ямар хүчин зүйл нөлөөлж байна гэж та хэлэх вэ?

-Бид 1.5 тэрбум ам.долларын бензин, шатахуун авч байна. Манай уул уурхайн хөдөлгөгч хүч тэр. Дайны байдлаас болоод бензин, шатахуун авах төлбөрийн асуудлаа одоо болтол шийдээгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр, ОХУ-тай харьцаж байсан бүх данс хаагдсан. Европ, Америкийн удаа дараагийн нөлөөгөөр. Манай улс ОХУ-аас аваад хэрэглэсэн шатахууны төлбөрөө хийж чадахгүй болсон гэж би ойлгож байгаа юм. Албан ёсны бүртгэлтэй систем зогссон учраас албан бусаар төлбөрүүд хийгдэж эхэлж байна. 1.5 тэрбум ам.доллар бас их мөнгө шүү дээ. Хойд хилээр бараг чемоданаар гарч эхэлж байна. Энэ талаар манайх ОХУ-тай ярих, цаашлаад олон улсын байгууллагуудад албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл манай ганцхан суваг ОХУ. Ийм үйл явц хийгдээгүй учраас бүгд нууц байдалд орчихгүй юу. Гэхдээ гадны нөлөөнөөс үл хамаараад, төлбөрийн асуудал зогсонги байдалд орохоор төлбөрөө хууль бусаар явуулах үйлдэл гарч ирнэ. Үүнийг л би гол гогцоо гэж би бодож байна. Өнөөдөр ганцхан Тээврийн банкаар л ОХУ руу рубль гарч байна. Тийм учраас Засгийн газар, Гадаад хэргийн яам мэдэгдэл хийгээд, асуудлыг ил тод болгохгүй бол нууц байдалд орчихвол бензин, дизелийн түлш илүү үнэтэй болно доо.

-Өнөөдөр аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарт дизелийн түлш түлхүү хэрэглэж байна. Аи 92 автобензин гэхээс илүүтэй дизелийн түлшний үнийг бууруулах боломж бий болов уу?

-Монголбанкны мэдээллээр, бензин хямд байлгахад зориулж 260-аад тэрбум төгрөгийг компаниудад Төв банкаар дамжуулж өгсөн. Үндсэндээ татаас өгсөн. Тэр татаасаа дуустал нэг юм аргалаад, дуусангуут ингэж чөлөөлөх байдалдаа орж байгаа юм. Уг нь татаас өгөөд явж болдоггүй юм байна гэдгийг бид 2013 онд сайн ойлгосон. Ялангуяа уул уурхайн байдлаас шалтгаалж дэлхийн эдийн засаг хямрангуут тухайн үед валют 2100 гэж байхад бензиний компаниудад 1400 ам.доллараар бодож татаас өгсөн. Ингэж аргалснаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг бид өмнөх түүхээсээ мэдэх ёстой байгаа юм. Нэг, хоёр сар аргалахаас илүүтэй одоо чөлөөтэй тавиад, уул уурхай, газар тариалан зэрэг үндсэн гол хэрэгцээтэй салбартаа авч үлдээд, төлбөрийг нь төлөөд явах хэрэгтэй, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, уул уурхайгаас гаргаж буй шороо үнэтэй байхад үнэтэй бүтээгдэхүүн аваад хэрэглэхээс өөр арга байхгүй. Засгийг айлгаад, татаас авч байна, татвар төлөгчдөөс маш их мөнгө гараад явчихдаг. Тухайн үед зах зээлийг түр торгоон барьж байгаа бол дараа нь үндсэн зах зээлийн дүрмээ зөрчдөг байхгүй юу. Хамгийн гол нь, 1.5 тэрбум ам.доллараа гаргах гарцаа албан ёсны банкны систем ил болго, албан ёсоор зарла. Энэ нууц байдалд орох тусмаа асуудал улам хүндэрнэ. Өнөөдөр Европ тив тэр аяараа "үхэх сэхэх"-ээ үзэж байна. Үүнийг манай дээд талын улс ажиглаж л байгаа болов уу гэж би бодож байна.

-Шатахуун, дизелийн үнийн өссөний улмаас өнөөдөр иргэд 10 мянган төгрөгөөр 2-хон кг төмс худалдан авч байна. Энэ үнийн өсөлтийг бууруулах арга зам бий юу?

-Байхгүй ээ, нийлүүлэлт тэртэй тэргүй хомсдсон. Урд хил хаалттай. Ганцхан Оросын сувгаар жаахан ачаа орж ирж байна шүү дээ. Нийлүүлэлт нэмэгдэж байж л үнийн асуудал зохицуулагдах юм. Тийм учраас зохицуулна гэж орж ирэх тусмаа дампууруулах шинжтэй. Миний бодлоор, 7, 8 жил болчихлоо, дахин нэг татварын өршөөлийн хууль гаргаад, дайны байдалд, иргэдийнхээ ажиллах эрх чөлөөг олгож өгөх хэрэгтэй.

Эрх чөлөөг нь олгохгүйгээр зөвхөн засаг барьж буй нөхдүүдийн зангаа, дохиогоор явна гэвэл бүтэхгүй ажил болчихсон байна. Тийм учраас чөлөөт зах зээл дээр ажиллаж буй бизнесүүддээ дахиад эрх чөлөө олгох хэрэгтэй. Татварын бүх шалгалтыг зогсоох хэрэгтэй. Тавьсан бүх актыг хүчингүй болгох хэрэгтэй. Дээр нь идэвхтэй ажиллах бүх боломжийг нь боомилдог үйл ажиллагаануудаа суллаж хаяач ээ гэж хэлэх байна.


"ХЯТАД, ӨМНӨД СОЛОНГОС, КАЗАХСТАН ЗЭРЭГ УЛСУУДААС ШАТАХУУН АВАХ БОЛОМЖ БИЙ"

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Өсөлт энэ хэрээр үргэлжилбэл байдал бүр дордох нь. Та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, нефтийн үнийн өөрчлөлтийн нөлөө Монголд хоцорч орж ирдэг. Хоёр сар орчмын хоцролттой. Хоёрдугаарт, манай улс нефть импортолдоггүй, нефтийн бүтээгдэхүүн импортолж байна. Өөрөөр хэлбэл, нефтийг боловсруулаад, гаргаж авсан бензин, дизель түлшийг авдаг. АИ 92 автобензинийг зөвхөн ОХУ-аас авч байна. ОХУ-ын татвар, тариф өндөр байдаг. Гуравдугаарт, манай улс төлбөрөө ам.доллараар төлж байна. Дэлхий даяар ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларч байна. Ханшийн алдагдал эргээд үнэд шингээд байгаа юм. Дөрөвдүгээрт, Засгийн газрын зохицуулалт их муу байна.

Цөөн хэдэн эх үүсвэрт хэтэрхий их ач холбогдол өгөөд байна. Уг нь Хятад, Өмнөд Солонгос, Казахстан зэрэг улсуудаас шатахуун авах боломж бий. Эх үүсвэрээ олон болгох чиглэлээр огт ажиллахгүй байна. Цаагуураа нийгмийн сэтгэл зүйн нөлөө их байна. Юмны үнэ их өснө гэсэн айдас байна. Бизнесийнхэн болон ард иргэд Засгийн газар, Монголбанк хоёрт итгэхгүй байна. Сүртэй сүртэй төлөвлөгөө батлаад, хууль гаргаад байдаг. Тэдэнд бизнес эрхлэгч нар огт итгэхгүй байна.

-Аи 92 автобензиний үнийг нэмээд, дизелийн түлшний үнийг бууруулах шаардлагатай гэж зарим хүн санал хэлж байна. Та санал нийлж байна уу?

-Аи 92-ыг өрхийн хэрэглээнд түлхүү хэрэглэдэг. Гэхдээ манай улсын нийт хэрэглээний 60 орчим хувь (хуучин 70 хувь байсан) нь дизель. Дизель түлш ерөнхийдөө манай аж үйлдвэр, газар тариалан, тээврийн салбарын үндсэн түүхий эд байгаа юм. Барилга, зам, тээвэр, уул уурхай бүгд хүнд машин механизм ашиглаж байгаа шүү дээ. Манайх шиг ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг улс дэлхийд ховор. Бүгд дизель ашиглаж байна. Тэгэхээр уул уурхай, барилгын компаниудын зардал өснө. Тээвэрлэгчдийн зардал өснө. Тариаланчдын зардал өснө. Мах тээвэрлэгчдийн зардал өсч байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн зардал өснө. Энэ бүх зардал инфляци хөөргөөд, машингүй хүмүүс, айл өрхүүдийн зарлагыг хэт их өсгөж байна.

Дизель нэг талаасаа манай аж үйлдвэр, тээврийн салбарын үндсэн түүхий эд, нөгөө талаасаа инфляцийг хөөрөгдөх гол шалтгаан болж байна. Үнэхээр үнийн өсөлттэй тэмцье гэвэл нийлүүлэлтийг дэмжих хэрэгтэй. Барилгын салбар, уул уурхайн салбар ашигтай ажиллах хэрэгтэй. Ингэж байж ажлын байр бий болно. Одоо хотод буй амины ачааны машинтай хүмүүст зориулсан бодлого яваад байна. Энэ нь наанаа хүнээ, хэрэглэгчээ бодоод байгаа юм шиг мөртлөө цаагуураа нийт айл өрхөд асар их нөлөөлж байна. Монголд машингүй, эмзэг, ядуу бүлгийн хүн их олон байна. Ер нь хэт их тэгшитгэх бодлого буруу. Аи 92 автобензиний үнэ жаахан өсвөл өснө л биз дээ. Хүмүүс хэрэглээгээ илүү ухаалаг болгоно, тийм биз дээ.

-Шатахууны үнэ өсөх тоолонд бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгддэг "бичигдээгүй хууль" хэрэгжээд удаж байна. Үүнийг хэрхэн зохицуулбал зохистой гэж та бодож байна вэ?

-Юмны суурь үнэ гэдэг их чухал. Суурь үнэ өсөхөөр хүмүүс бүгд орлогоо алдахгүй байхыг бодно шүү дээ. Жишээлбэл, дэлгүүрүүд 10 хувийн ашигтай ажилладаг гэж бодъё. Бүх хүнс, бараагаа татаж авна. Худалдагчийнхаа цалинг өгнө. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, цаана нь 10 хувийн ашигтай ажилладаг байсан гэж бодъё. Гэтэл бензин, дизелийн үнэ өсчихлөө. Энэ үнийн өсөлт нөгөө 10 хувийн ашгийг алга болгочихож байна. Тэгэхээр хэн ч ашиггүй ажиллахыг бодохгүй биз дээ. Бизнес хийх хэрэггүй, зүгээр халамж аваад, гэртээ хэвтэж байсан нь дээр байхгүй юу. Тийм учраас 10 хувийн ашгаа авахын тулд үнээ өсгөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Нэгдүгээрт, бензин, дизелийн үнэ тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт, эрүүл өрсөлдөөн их чухал. Өрсөлдөөн сайн байвал үнийн өсөлт буурна. Японд үнэ тогвортой байна. Яагаад вэ гэвэл, тэнд өрсөлдөөнийг, нийлүүлэгчийг дэмждэг бодлого явдаг. Гурван өрсөлдөгч байлаа гэхэд хэн үнээ илүү бууруулсан нь зах зээл дээр илүү амжилттай явна биз дээ.

Манайд ийм үнэ буулгах өрсөлдөөн явагдахгүй байна. Манай улс төсвийн их буруу бодлого явуулдаг. Төсөв нь өндөр алдагдалтай, гишүүд дахин сонгогдохын тулд “Андлалын хөшөө” зэрэг хэрэггүй юманд маш их мөнгө зарцуулдаг. Энэ илүүдэл мөнгө инфляцийг хөөргөж байна. Тиймээс нэгдүгээрт, нийлүүлэлт тал дээр, чөлөөт зах зээл дээр өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, алдагдалтай төсөв баталж инфляци өдөөдгөө болих хэрэгтэй. Гуравдугаарт, суурь бүтээгдэхүүнүүд дээр, тухайлбал, дизель, бензин зэрэг дээр тусгаар тогтнолоо олох хэрэгтэй. Өөрсдийн гэсэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Монголоор дүүрэн нүүрс байна. Нүүрснээс дизель, бензин гаргаж авдаг технологи бүр хэдэн арван жил туршигдсан байгаа байхгүй юу. Манай гуравдагч хөршүүдэд бий. Дээр нь манай гуравдагч хөршүүд танай улсыг эрчим хүчний хараат байдлаасаа гарахад тусалъя, хөрөнгө оруулъя гээд байна. Тэгэхээр нүүрснээс бензин, дизель гаргаж авдаг үйлдвэрүүдийг яаралтай ашиглалтад оруулах боломж байна. Гуравдагч орнуудаас технологи, хөрөнгө оруулалтыг нь татаад. Энэ мэтчилэн олон арга зам бий.


“МОНГОЛД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ”

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.ОЮУН:  

-Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид дизелийн түлшний үнийг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна. Аи 92 гэхээсээ илүү дизелийн түлшний үнийг бууруулах боломж бий гэж та бодож байна уу?

-Манай улс импортлогч орон учраас дэлхийн зах зээлийн үнэ, нийлүүлэгч оронтой хийсэн гэрээнээс хамаараад бензин, дизелийн түлшний үнэ биднээс хамаарахгүй болчихоод байна. Энэтхэгийн тусламжаар барьж буй нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл байдал ийм л байх болов уу.

-Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдээд байгаа нь иргэдэд хүнд цохилт болж байна. Яавал олон жилийн турш толгойны өвчин болсон энэ байдлыг өөрчилж болох вэ?

-Энэ дээр зохицуулалт хийх хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой бараанууд гэж байдаг. Тэр бараануудын хувьд Засгийн газар заавал ч үгүй оролцож, зохицуулалт хийх ёстой. Бусад бараа, бүтээгдэхүүний хувьд эрэлт, нийлүүлэлттэй нь холбоод орхичихно. Зохицуулах бараа дотор шатахууны үнэ ордог. Тиймээс Засгийн газар шатахууны үнийн асуудалд оролцож, Аи 92 автобензиний үнийн түвшинг тогтвортой бариад байна. Гэх мэтээр цөөн хэдэн бараан дээр оролцох ёстой байдаг юм.

-Эдийн засаг нэлээн хүндрэх төлөвтэй байна. Цаашдаа манай улс шатахууны хомсдолд орчих вий гэсэн асуудал санаа зовоох боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би ч бас тийм бодолтой байна. Олон улсын хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлээд, цаашаа даамжирвал шатахуун дээр нэлээн асуудал үүсч магадгүй. Түрүүн хэлсэн, олон улсын байдал, биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас. Гадны зарим орнуудад шатахууны хомсдол үүсээд эхэлчихлээ. Манайд ч шатахууны хомсдол үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй л дээ.

-Импортлогч орны хувьд манай улс яаралтай өөрийн гэсэн үйлдвэртэй болж байж л асуудал шийдэгдэх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Эхлэл нь тавигдчихсан болохоор бас учиртай санагдаж байна. Өнөө, маргаашдаа биш ч гэсэн шатахууны асуудал яваандаа шийдэгдэх бодлого хэрэгжээд эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж