Залуу аварга О.Хангай залаа, тэмдгээрээ гоёв

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Залуу аварга О.Хангай залаа, тэмдгээрээ гоёв

Залуу аварга О.Хангай залаа, тэмдгээрээ гоёв

Монгол Улсын залуу аварга О.Хангай шинэ залаа, тэмдгээ олонд дэлгэлээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Аваргын залаа тэмдгээ хийлгэлээ. Урлаж өгсөн хүмүүстээ баярлалаа. Намайг үргэлж дэмжиж захыг минь мушгиж байдаг та бүхэндээ баярлалаа” гэжээ. Хүмүүсийн харснаар шинэхэн аваргын малгайн тэмдэг нь бусад аваргуудынхтай харьцуулахад арай том байх аж. Харин залаан дээр нь хоёр шөвгөрч, нэг түрүүлснийг нь илтгэх шар зураас байрлажээ.

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн. Ингэснээр Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадмын түрүү бөх тодорсон юм. Өдгөө 31 настай О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж, бөх сонирхогчид, нутгийн зон олон нь том цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэ урт удаан хүлээлт өчигдөр эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх болсон билээ.

Монгол бөхийн цолны талаар нэгэн цагт дархан аварга Ж.Мөнхбат ярихдаа “Би харцага, гарьд гэдэг цолонд бузар дургүй хүн. Дээр үеэсээ Монгол бөхөд дөрвөн цол л байсан юм. Начин шонхор гэж тав давсан хүнд өгч байсан цол. Начин шонхор гэж хос үг хэрэглэж байсан юм билээ. Энэ бол шувуу. Өвсөн лут амьтан юу юм бэ гэсэн чинь заан юм билээ. Араатнуудаас хамгийн хурдан шаламгай, идэш тэжээлээ олж авдаг амьтан нь арслан юм байна. Тэгээд энэ гурван цол л байвал болох юм уу гэсэн чинь энэ гурвыг дийлдэг нэг амьтан байх ёстой гээд. Тэр амьтан хэн бэ гэвэл Занабазарын хэллэгээр бол галаар үлээдэг нь биш, залгидаг нь гээд аварга могой. Аварга, аварга гээд л байдаг, энэ чинь залгидаг аварга могой гэсэн үгнээс гаралтай юм билээ шүү. Ингэж энэ дөрвөн цол бий болсон түүхтэй" хэмээн ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж