Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 101 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 41 нь Улаанбаатар хотод, 60 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-өөр өвчилсөн 519 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 434 нь хотод байгаа аж. Эдгээрээс биеийн байдал нэн хүнд зургаан хүн байна гэдгийг албаныхан мэдээллээ. Харин долдугаар сарын 8-наас хойш нас баралт бүртгэгдээгүй гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна. Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-ны статистик мэдээллээр улсын хэмжээнд 71 хүн халдвар авч байсан бол өнөөдрийн байдлаар 100 давж, халдварын тоо нэмэгдэх болжээ.
Эрүүл мэндийн яамнаас энэ долоо хоногийн Баасан гаригт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ гэдгийг албаныхан хэллээ.
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас цар тахлын нөхцөл байдлын талаар өмнө тодруулахад "Монгол Улсын хувьд 2022 оноос дасан зохицох бодлого явуулж, хязгаарлалтуудыг цуцалсан. Гол асуудал нь ирэх намар үүснэ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улсад ирэх намар цар тахлын омикрон хувилбартай адилхан байх магадлал 50, дельта хувилбартай адил хүндрэх 50 хувьтай шинэ хувилбарын давлагаа эхэлнэ. Тиймээс дэлхийн улс орнууд бэлтгэлээ базааж, эрсдэлт бүлгээ вакцинжуулах ажил хийж байна" гэдгийг хэлж байсан юм.
Холбоотой мэдээ