Сурвалжлага: Иргэд 500 грамм махны үнээр 1 кг төмс худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд 500 грамм махны үнээр 1 кг төмс худалдан авч байна

Сурвалжлага: Иргэд 500 грамм махны үнээр 1 кг төмс худалдан авч байна

Шатахуун үнийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ баярын дараа огцом өсчээ. Нэг хэсэг Эрээний хилийн хоригоос болж нарийн ногооны хомсдол үүсч, үнэ хөөрөгдөж байсан бол өдгөө хүнсний ногоо хүмүүсийн хэлдгээр "тэнгэрт хадсан" байна.

Ингээд хүнсний ногооны үнэ яагаад өссөн, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн болохыг сурвалжлахаар "Барс", "Бөмбөгөр" зах орлоо. Их амралтын дараа зах, худалдааны төвүүдэд олны хөл бужигнаж эхэлжээ.

Наадмын өмнө 2000-2500 төгрөгөөр зарж байсан төмсний үнэ өнгөрсөн Бямба гаригт АИ-95, дизель түлшний үнэ нэмэгдсэн сургаар бөөний үнэ нь 3500-4000 төгрөг болж өсчээ.

Үнэ нэмэгдэхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, түүнийг дагаад худалдаачдад хүндрэлтэй байдал үүсч байна гэв. Харин иргэд хэлэхдээ импортын барааны үнэ нугарч өсөх хэвийн үзэгдэл. Гэтэл дотоодод тариалдаг төмсний үнэ ингэж өсч байгаад бухимдаж байлаа. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээд импортын бүтээгдэхүүнээс үнэтэй байдгийг ч шүүмжлэв.

 ГОЛЛАНД СОРТЫН ТӨМС 4000, ЦЭВЭР МОНГОЛ ТӨМС НЬ 4500 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА

Монгол Улс дотоодоосоо гурил, төмсөө 100 хувь хангадаг болсон. Гэтэл импортын ногооноос илүү төмсний үнэ өссөн нь иргэдийг бухимдуулжээ.

Захуудаар явж сонирхоход хүнсний ногооны үнэ хоорондоо зөрүү багатай байлаа. Тухайлбал, төмс сортоос шалтгаалж 4000-4500, лууван 3500-4000, манжин 3000-4000, байцаа 3000, сонгино 2500-4000 төгрөг. Нарийн ногооны хувьд цэцэгт байцаа 15 мянга, чинжүү 10 мянга, өргөст хэмх 8000, үрлэн помидор 15 мянган төгрөг болжээ. Ногооны бөөний үнэ хоёр дахин өссөнөөс цайны газар, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүрийнхэн ч шуудайгаар авахаа больсон байна.

Төмсний үнэ яагаад ингэж өссөнийг асуухад худалдаачид цаанаасаа ингэж ирж байгаа. Энэ жил ургац тааруу байхаар төлөвтэй байна. Хэрэв шинэ ургацын төмс ахиу ирэхгүй бол бүр 5000 мянган төгрөгт ч хүрнэ гэв.

Өргөн хэрэглээний бүх бараа ч ялгаагүй өдөр өдрөөр үнэ нь нэмэгдсэн. Хүнсний ногоо элэгдэл ихтэй учраас хүн авахгүй 7-10 хоноход муудаж, зөөлөрнө. Харин нарийн ногоо, жимснээс бусад нь хурдан муудахгүй. Тэгэхээр худалдагчид дур мэдэн үнэ нэмээгүй. Гол нь тээвэрлэлтийн зардал их нэмэгдсэн гэж тайлбарлав.

Бөөний зах, худалдааны төвүүдэд байгаа үнэ дэлгүүрийн лангуунд 300-500 төгрөг нэмэгдэнэ. Угтаа хагас килограмм махны үнээр хэн ч төмс авахыг хүсэхгүй. Үнийн хөөрөгдлийн эсрэг жагссан иргэдийн шаардлага өнөөдөр ийнхүү дахин мухардав. Үйлдвэрлэгч улс орон болж чадахгүй ч дотоодын бүтээгдэхүүн импортын нарийн ногооноос хямд байх зарчимтай. Гэтэл Монголд үнийн хөөрөгдөлд хяналт тавих систем байхгүй. Үүнээс болж өргөн хэрэглээний бараа шинээр татан авалт хийгээгүй байж үнэ өсдөг жишиг тогтсонд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлэв.

"НАМРААС ТӨМСНИЙ ҮНЭ 3000 ТӨГРӨГ БОЛЖ МАГАДГҮЙ"

Шинэ ургац гарсан тохиолдолд ногооны үнэ буурна. Гэхдээ энэ жил төмсний үнэ яаж ч буусан 1000, 2000 төгрөг болохгүй. Доод тал нь 3000-3500 болох байх гэдгийг худалдаачид хэлэв. Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл, тариалалтын салбарт яамнаас анхаарч байгаагаа мэдэгдсэн. Тиймдээ ч мах, гурилны үнийг нэмэхгүй байх тал дээр бодлогоор дэмжинэ гэдгийг өнгөрсөн тавдугаар сард З.Мэндсайхан сайд онцолсон билээ. Гэвч анхаарал хандуулж буй хүнсний ногоо  тариалалтын салбарын нэг хэсэг болсон төмсний үнийг буулгахад одоогоор зохицуулалт хийгээгүй байна.

Тиймээс иргэд ч, худалдагчид ч хүнсний ногооны үнийг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

500 ГРАММ МАХНЫ ҮНЭЭР НЭГ КИЛОГРАММ ТӨМС АВЧ БАЙНА

Хүнсний ногооноос гадна мах, ургамлын тосны үнэ наадмын дараа өсчээ. Литртэй ургамлын тос хамгийн хямд нь 10-11 мянга, таван литрийн тос 48-52 мянган төгрөг болсон байна. Иргэд махаа авч хүчрэхгүй байхад 500 грамм махны үнэтэй төмс, манжин, сонгино авч байгаадаа халаглаж байлаа. Хоёр килограмм ногоо авах уу, нэг килограмм мах авах уу гэдэг сонголттой иргэд нүүр тулж байна.

Ногооны үнэ нэмсэн учраас хоол үйлчилгээний газруудын меню, үнэд өөрчлөлт орохыг ч иргэд учирлав. Тэгэхлээр хяналт тавих хэрэгтэй гэв.

ҮСХ: МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨМНӨХ 4.7 ХУВИАР ӨССӨН

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны долдугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар буурсан байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар буурчээ.

Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөг, махны үнэ 0.9-2.5 хүртэл хувиар нэмэгдсэн бол өндөг, талх, нарийн боовны үнэ буурсан байна. Харин гурил, цагаан будаа, сүүний үнэ тогтвортой нэмэгджээ.

Мөн автобензиний үнэ өссөн гэх статистик мэдээ гарчээ. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.2-1.5 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Ирэх сарын статистик харин хэрхэн гарах бол?

Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж