Б.Сэр-Од: Парист сүүлийн марафондоо гүймээр байна

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од: Парист сүүлийн марафондоо гүймээр байна

Б.Сэр-Од: Парист сүүлийн марафондоо гүймээр байна

Монголын хөнгөн атлетикийн спортын нэрт тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Ореган мужид болж буй ДАШТ-д оролцож, марафоны төрөлд 2:11:39 гэсэн амжилтаараа 26 дугаар байрт шалгарлаа. Өдгөө 40 настай түүнийг энэ үеэр “Olympics.com” сайт онцолжээ.

Тэрбээр тус сайтад өгсөн ярилцлагадаа Токиогийн олимпийн талаар “Би Саппорогийн ойролцоох Читосэд бэлтгэл хийхээр очсон юм. Гэхдээ ханиад хүрчихсэн. Их халуурч хүч алдсан. Токиогийн олимпод найдлага тавьж байсан ч уралдаанаа дуусгаж чадаагүй. Олимпийн дараах хоёр сар орчмын хугацаанд надад маш хэцүү байсан. Би багаа орхино гэж шийдчихсэн байсан учир тэр хоёр сар хүнд байсан. Энэ бол сэтгэл хөдлөл, оюун санааны зүйл. Харин би бие махбодийн хувьд сайн байсан” гэжээ.

Токиогийн олимпийн дараа Б.Сэр-Од зодог тайлж, тамирчны бус амьдралаар амьдрах тухай бодож үзжээ. Гэвч эхнэр, дасгалжуулагч, дотны зөвлөгч О.Оюунтуяагийнхаа үгэнд орж, спортоосоо холдоогүй гэнэ. Энэ талаар Б.Сэр-Од “Эхнэр маань Токиогийн олимп нэгэнт болоод өнгөрснийг сануулж, цаашаа явах ёстой гэж хэлсэн. Тэр намайг өөртөө, дараагийн олимп, ДАШТ-д шинэ зорилго тавих ёстойг сануулсан. Тэгэхэд л дахин гүйх хүсэл маань оргилсон. Би юу хүсч байгаагаа удаан бодсон. Эцэст нь марафонд оролцохыг хүссэн. Би марафонд дуртай тул үүнийг л хийх хэрэгтэй гэж бодсон. Үүний дараа уралдаандаа бэлдэж эхэлсэн” гэв.

Б.Сэр-Од гавьяат 10 дахь удаагаа ДАШТ-д оролцож байна. Хэдий Ореган, Монгол хоёр 16 цагийн зөрүүтэй ч уур амьсгал нь төстэй аж. Мөн түүний хувийн дээд амжилт нь 2:08:50 бөгөөд үүнийгээ эвдэх зорилготой Ореганд иржээ. Сануулахад, Б.Сэр-Од ирэх аравдугаар сард 41 нас хүрнэ.

Б.Сэр-Одын тухайд тэрбээр марафоны тамирчдын оргил нас нь 37-45 гэж үздэг гэнэ. Олимпийн аварга Кенийн домогт тамирчин Элиуд Кипчоге ч 37 насандаа олимп, дэлхийн аваргад дараалан түрүүлсэн билээ.

Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ.

Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон анхны марафонч болно. Тэрбээр өөрөө ч замналынхаа сүүлийн олимпод оролцоно гэдэгтээ итгэлтэй байна. Б.Сэр-Од ярилцлагын төгсгөлд “Би Парисын олимпод оролцмоор байна. Би Парист сүүлийн марафондоо гүймээр байна. Түүний дараа би дасгалжуулагч болно. Гэхдээ хажуугаар нь өөрийгөө ч гэсэн бэлтгэнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж