Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойг хүндэтгэн ирж барилдсан монгол туургатны бөхчүүдтэй ярилцлаа.
ТУВА ДАСГАЛЖУУЛАГЧ КУУЛАР КАНДЕМИР
-Та Монголд анх удаагаа ирж байна уу?
-Үгүй ээ, өмнө нь барилдах гэж олон удаа ирж байсан. Цагаан сарын барилдаанд ч барилдаж байлаа. Монгол бөхчүүдтэй ч найз. Хамт бэлтгэл хийж байлаа.
-Наадам болон наадмын нээлтийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл өндөр байна. Анх удаагаа наадмаар ирлээ. Зохион байгуулагчдад урьсанд мөн ийм арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа. Бидэнд үнэхээр таалагдлаа.
-Барилдааны талаар?
-Барилдахад хэцүү байлаа. Манай залуучуудаас хоёр залуу нь өсвөрийн барилдаанд барилдлаа. Томчуудаас нь тав нь хоёрын даваанд барилдах гэж байна.
-Та бүхэн бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Нутагтаа бэлтгэлээ хийсэн. Манайх бөхөө “Куреш” гэж нэрлэдэг. Монгол бөхтэй их төстэй. Зөвхөн гар хүрсэн тохиолдолд унасан гэдгээрээ л өөр. Харин зодог шуудаг нь адилхан. Монгол бөхөд гар нь газар хүрсэн нь унасан гэж үздэггүй. Ийм л жижиг зүйлүүдээрээ ялгаатай. Биднийг нэгтгэн оролцуулж буй зохион байгуулагчдад дахин баярлалаа гэдгээ хэлье. Мөн биднийг урьсан хамт олонд баярлалаа. Энд үнэхээр сайхан байна.
БУРИАД БӨХ ЦЭДЭНДАМБЫН ВАНДАН
-Монголд ирээд хэр удаж байна вэ?
-Монголд олон ирсэн. Энэ удаад наадамд барилдах гэж ирлээ.
-Наадамд барилдсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Буриадаас дөрвөн бөх ирсэн. Нэг даргатайгаа. Нэгийн даваанд барилдлаа. Их гайхалтай байлаа. Олон хүн сэтгэл дүүрэн, баярлаж харлаа. Бөхчүүдээрээ уулзлаа. Зургаа даруулж, танилцлаа. Манай буриад бөхчүүд улсын харцага цолтой бөхчүүдтэй барилдсан.
-Бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийсэн бэ?
-Манай буриад барилдаан Монголынхоос ондоо. Дээрээ зодог өмсдөггүй. Шуудагтай нүцгэн барилдана. Жаахан ондоо. Зодог өмсөөд барилдахад жаахан эвгүй байлаа.
-Та хэд давах зорилготой байсан бэ?
-Энд ирээд буриад бөхчүүд ямар байдгийг л харуулах зорилготой байлаа. Манай их аваргууд ирээгүй. Өөрийн барилдаантай байлаа. Залуу бөхчүүдээ илгээлээ. Бид эх нутагтаа очоод бөхчүүдтэйгээ туршлагаа хуваалцана.
-Наадмын нээлт ямар байсан бэ?
-Нээлт их гоё байлаа. Хүн ихтэй байлаа. Монгол бөхдөө их дуртай юм.
-Буриад түмний наадам хэзээ болох вэ?
-Итгэлт хамбын найр болдог. Намрын эхэн сард болдог. Бөхчүүд жингээрээ барилддаг. Жишээлбэл, 63, 75 болон дээшээ гэсэн ангилалтай. Жингийнхээ аварга болвол насны аварга болно тэгээд дээшээ буян аварга болно.
-Танд дэлхийн монголчууддаа хандан хэлэх үг бий юу?
-Биднийг монголчууд их сайхан угтлаа. Дэлхийн монголчуудын холбооны дарга Ц.Элбэгдорж бидэнд баяр хүргэн угтлаа. Их баярлаж байна.
ТУВА БӨХ МОНГУШ АЙДАМИР
-Наадамд барилдсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Манай бөхчүүд урилгаар ирж наадамд оролцож байна. Бид үнэхээр баяртай байна. Манай 15 бөх, хоёр өсвөрийн бөхтэй ирлээ.
-Та анх удаагаа Монголд ирж байна уу?
-Үгүй ээ, өмнө нь олон удаа ирсэн.
-Наадам болон наадмын нээлтийн талаар юу хэлэх вэ?
-Нээлт үнэхээр сайхан болсон. Сэтгэгдэл өндөр байна. Өмнө нь хоёр удаа наадам үзэж байсан юм. Энэ удаагийнх сайхан боллоо.
-Барилдааны талаар?
-Нэгийн даваанд улсын начинтай барилдаж давсан. Харин хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдоржид уналаа. Би насаар ахмад байлаа. Манай гурван бөх гурвын даваанд шалгарлаа. Монголд ирж наадамд барилдсандаа баяртай байна.
-Монгол бөхчүүдийн талаар юу хэлэх вэ?
-Монгол бөхчүүдийг тувачууд хүчтэй гэдгээр нь мэднэ. Монголчууд өв уламжлалаа хадгалж, тэмцэж чадсан. Бид ч бас барилдах дуртай. Гэхдээ нэг хэсэг завсарласан. Коммунизмын үед 10 жил бөх барилдахыг хориглосон. Тиймээс бага зэрэг хоцрогдолтой байгаа. Биднийг урьсанд маш их баярлалаа. Залуу бөхчүүдийг үүнд татан оруулахад түлхэц боллоо.
-Танд өөр хэлэх үг бий юу?
-Дэлхий даяарх монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай уламжлал, амьдрал ахуй ижил төстэй шүү дээ. Хэлний 30 хувь нь ч гэсэн ижил. Нэг талаараа бас хөршүүд. Бид Монголын ард түмэнтэй нөхөрлөж, соёл, спортын талаар хамтрах хүсэлтэй. Надад Монголын соёл, уламжлал, хөгжил таалагддаг. Улаанбаатар ч сайхан хөгжиж байна. Дэлхий даяарх монголчууддаа сайн сайхныг хүсье.
Холбоотой мэдээ