Үнэгүй бяслаг хавханд л байдаг!

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Үнэгүй бяслаг хавханд л байдаг!

Үнэгүй бяслаг хавханд л байдаг!

Лавров ирсэн, наадам өнгөрсөн, шатахууны үнэ өссөн. Болох ёстой зүйл болдгоороо л болж байна. Үнэндээ, ганцхан Монголд ч биш олон улсын тээвэр ложистикийн саатал, Хятадын хилийн хориг, Орос-Украины дайнаас болж дэлхий даяар бүх бараа бүтээгдэхүүний үнэ монголчуудын хэлдгээр тэнгэрт хадчихсан.

Тиймээс цар тахал, дайн байлдаантай хоёр их гүрний дунд орших далайд гарцгүй орны хувьд, тэрчлэн мах, гурилаас бусдыг нь импортоор авдаг үйлдэрлэгч бус хэрэглэгч улс учраас Монголын эдийн засагт үнийн өсөлт том өвдөлт өгөх нь нэн ойлгомжтой болсон. Мэдээж, эл өвдөлтийг төр засаггүй, хувь, хувьсгалгүй улсаараа удахгүй мэдрэх ч биз. Авчиг үнэ өслөө гээд үндэсний аюулгүй байдлаа зарчихаж болохгүй!

Нэг.

 АИ-95 4210, дизель түлш 4030 төгрөг болж өссөн нь монголчуудыг багагүй бухимдуулав. Аргагүй байх л даа, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд шатахууны үнийн нэмэгдэл том шалтгаан бас сайхан далим болдог хойно.  Өдрөөр биш цагаар өсч буй үнийн өсөлтөд энэхүү нэмэгдэл нэрмээс болох нь гарцаагүй. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ өнгөрсөн 2021 оны үеэс  бараг хоёр дахин өссөн. Энэ нь нэг талаасаа гадны улс төртэй холбоотой. Нөгөө талаасаа дотоодын улс төрөөс улбаатай юм.

Монголчууд бензин, шатахууны хувьд Москвагаас шууд хараат. Орос цоргоо хаах төдийд  бид явгарахад хүрдэг нь худлаа биш. Гэлээ гээд оросуудын эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдаж байснаас турж үхсэн нь дээр биз.

Баяр наадмын өмнөхөн Улаанбаатарт буугаад мордсон С.Лавровын айлчлалын дараа УИХ-ын чуулганаар Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоо оруулж, гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн. Хэрэвзээ энэхүү хууль батлагдах аваас  ОХУ-ын “Роснефть” компани дундын дамжуулагчгүйгээр  МИАТ-т түлш нийлүүлэх, манай улсын онгоцуудыг цэнэглэх эрхтэй болох юм.  Оросуудын зүгээс ирэх 2023 оны тавдугаар сар хүртэл дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямд түлшээр хангахаар тохиролцсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлсэн. Гэхдээ үүнд баярлах эртдэнэ. Учир нь  Монголын агаарын тээврийн хөлгийг түлшээр цэнэглэх эрхийг авсныхаа дараа оросуул манай дотоодын зах зээлийг булаахгүй гэх баталгаагүй.  Энэ өнцгөөс харвал үнийн өсөлтөөс илүү үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх нь Монголын төрийн нэг бодлого байх ёстой юм.

Хоёр.

Үнийн өсөлтийн эсрэг Засгийн газрын авах арга хэмжээ бол үнэтэй тэмцэх биш. Үнийг барьснаар үнэ тогтворждоггүй болохыг мэдрүүлсэн өчнөөн жишээ бий. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд. Тиймээс үнийн өсөлтийн эсрэг Засгийн газрын авах арга хэмжээ бол иргэдийнхээ цалин, орлогыг нэмэгдүүлэх. Иргэдийнхээ цалин, орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломж, бололцоо юу байна, тэр бүгдээ л ашиглах шаардлагатай болжээ.

Төмөр замын төслүүдээ яаралтай ашиглалтад оруулж, боомтынхоо үйл ажиллагааг өргөжүүлж, сайжруулж, экспорт импортоо нэмэгдүүлж, уул уурхайн салбараа бодлогоор дэмжихээс өөр аргагүй. Монголд гадагшаа зарж, доллар оруулж ирдэг ганц хоёр бүтээгдэхүүн бий.

Нүүрс, зэс. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл нүүрсээ гаргадаг гол боомт болох Гашуунсухайтын төмөр замаа ашиглалтад оруулж чадаагүй байгаа. Оросын даалгавраар ажилладаг Монголын “эх орончид”-оос болоод. Гашуунсухайтын төмөр замыг 10 жил гацаасны төлөөс нь өнөөдрийн үнийн өсөлт.  Төмөр замгүйгээс болж нийтдээ 80 их наяд төгрөгийн нүүрсний орлогоо монголчууд алдсан. Монгол Улсын төсөв /18 их наяд төгрөг/-ийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө манай сайн эрсийн улс төрөөс болоод салхинд хийссэн гэхэд буруудахгүй. Энэ мөнгөөр Газрын тосны үйлдвэрээ хүнээс мөнгө гуйлгүй барьчих байсан гэсэн үг.

Гурав.

Монголд үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг нэг хүчин зүйл бол төрийн авлига. Засгийн газрын зүгээс Замын-Үүдийн мафитай зад тэмцэнэ гэснээс хойш бүтэн жил, Ардын нам авлигатайгаа тэмцэнэ гэж зарласнаас тоолвол долоон сар өнгөрчээ. Атал авлига буурсангүй,  Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь асуудал АТГ дээр очоод таг гацчихсан. Монгол Улсын хилээр ямар  ч бүртгэлгүй нүүрс ачсан машинууд гарна гэдэг ганц хоёр албан хаагчийн хийж чадах ажил биш. Бүхэл бүтэн сүлжээ, мафи тэнд ажиллаж байна гэсэн үг.

Өнгөрсөн хавар Ерөнхий сайд өөрөө хэлсэн, “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг цэгцлэхэд ДНБ-ний хэмжээ хоёр дахин тэлэхээр байна” гэж.  Зөвхөн нүүрсний бүлэглэлийг цэгцлэхэд манай улсын ДНБ хоёр дахин өснө гэхээр чамгүй мөнгө далд эдийн засагт эргэлдэж, хулгай луйврын замаар урсдаг аж. Үүнийг таслан зогсооход л иргэдийн цалин хөлс, орлого хоёр дахин нэмэгдэх нь байна шүү дээ.

Тэгэхээр үнийн өсөлттэй тэмцэе гэвэл Ардын нам журмын нөхдийнхөө авлигатай тэмцэхээс өөр аргагүй. Даргын тал ба дайсны тал гэж ялгалгүйгээр.

Дөрөв.

"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын нүүр номдоо "Аи95, дизелийн түлшийг ОХУ-с Сингапурын биржийн үнээр авдаг тул олон улсад нефтийн үнэ өсөхөөр шатахууны үнэ дагаад өсөж буй. Харин хүмүүсийн өргөн хэрэглэдэг Аи92-г хямд авах хүсэлт тавьж зөвшөөрүүлсэн тул Монголд Оросоос ч хямд байгаа.Уг нь тэр жил оросууд үнээ үзэмжээрээ нэмээд байхаар нь олон улсын биржийн үнэтэй холбож үнэ бууруулж чадсан юм. Цаашдаа хямд шатахуун авахын тулд Оростой шууд ярих уу эсвэл олон улсын үнээр авсан хэвээр байх нь урт хугацаандаа дээр үү гэдгийг бид бодох хэрэгтэй. Эхнийх нь хямд боловч хойд хөршөөс хамаарал нэмэгдэнэ, хоёр дахь нь үнэтэй боловч улсын бие даасан байдалд илүү хэрэгтэй. Энэ цаг үед аль нь илүү зөв бэ" гэж асуужээ. Өнөө маргаашаа бодвол Оростой шууд яриад хямдхан шатахуунаар дотоодын зах зээлээ хангах нь эдийн засагт нэмэртэй л байх. Гэвчиг оронд нь  илүү том сонирхлоо тэд тулгана, гар барьсан бол бугуй барихыг хүснэ. Эцэст нь эдийн засгийн хараат болж ардчилал хүний эрхээ ч алдаж магадгүй.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж шатахууны зах зээлээ оросуудад өгөхөөс буцахгүй хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдсан. Үнэндээ монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж ярьдаг. Тэр тусмаа Якунингийн хэлсэн алдарт үг бий, "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг" гэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж