Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд огцом буурч, Covid-19-ийн тархалт бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд нөлөөлжээ. Тус улсад зургадугаар сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх улирлаас 2.6 хувиар буурсан байна.
Энэ хугацаанд Хятадын томоохон хотууд, тэр дундаа Шанхайн санхүү, үйлдвэрлэлийн төвүүд бүрэн буюу хорио цээрийн дэглэмд орсон. Энэ нь тус улс "Ковид-0" бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаатай холбоотой юм.
Жилийн дүнгээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг дөрөвдүгээр сараас зургадугаар сард 0.4 хувиар тэлсэн нь нэг хувийн өсөлтийн хүлээлтийг орхигдуулсан байна.
Оксфордын эдийн засгийн ахлах Томми Ву "ВВС"-д ярихдаа "Хоёрдугаар улирлын ДНБ-ий өсөлт тахал эхэлснээс хойших хамгийн муу үр дүнг үзүүлсэн байсан. Учир нь Шанхай хотод болсон хөл хорио улирлын эхэн үеийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлсөн" гэжээ.
Энэхүү хөл хорионы нэг хохирогч нь Их Британийн тансаг зэрэглэлийн загварын "Burberry" брэнд байсан. Хятадад өнгөрсөн Баасан гаригт хийсэн арилжааны мэдээллээр тус улсад "Burberry" борлуулалтаараа урьд урьдынхаасаа муу болж, эдийн засагт нөлөөлсөн гэж мэдэгдэв.
Худалдан авагчид гэртээ хөл хорионд орохоос өөр аргагүй болсон тул тус компани эхний улиралд Хятад дахь борлуулалт нь 35 хувиар буурчээ.
Гэсэн хэдий ч зургадугаар сард Хятадад дэлгүүрүүд дахин нээгдсэнээс хойш брэндүүд алдагдлаа нөхөхөөр хичээж байна. Энэ нь зургадугаар сарын засгийн газрын албан ёсны тоо баримтад тусгагдсан байна. Олон хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирсныг харуулж байна.
"Зургадугаар сарын мэдээлэл илүү эерэг дүнтэй байсан бөгөөд эдийн засаг нь хөл хорио цуцалсны дараа идэвхжиж эхэлсэн. Гэвч үл хөдлөх хөрөнгийн уналт өсөлтийг сааруулсаар байна" гэж Ву ярив.
Үүний зэрэгцээ, "Oanda" худалдааны платформын Ази Номхон далайн бүсийн зах зээлийн ахлах шинжээч Жефф Халли "ВВС"-д ярихдаа, Хятадын эдийн засгийн сүүлийн үеийн мэдээллээс зарим нэг тод нөхцөл байдлыг онцолжээ.
"ДНБ хүлээж байснаас муу байсан ч ажилгүйдэл 3.5 хувь хүртэл буурч, жижиглэнгийн борлуулалт гайхалтай сайн үр дүн гарсан" гэж тэрбээр хэлэв.
"Санхүүгийн зах зээл жижиглэнгийн худалдааны тоон дээр төвлөрч магадгүй бөгөөд энэ нь Хятадын хэрэглэгчдид төсөөлж байснаас илүү сайн байгааг харуулж байна" гэж Халли нэмж онцолжээ.
Гэвч засгийн газар цар тахлын тархалтыг удаашруулахын тулд "Ковид-0"-ын хатуу арга барилаа үргэлжлүүлж байна. Тиймээс Хятадын эдийн засаг хурдан сэргэнэ гэж ажиглагчид хүлээлт үүсгэхгүй байна.
Нэгэн цагт эрчимтэй хөгжиж байсан тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүчтэй уналтад орсон. Үүний үр дүнд дэлхийн эдийн засгийн төлөв сүүлийн саруудад огцом суларсан.
ДНБ нь эдийн засгийн хэмжээг хэмждэг. Түүний тэлэлт эсвэл агшилтыг хэмжих нь эдийн засаг хэр сайн эсвэл муу байгааг хэмжих хамгийн чухал аргуудын нэг. Үүнийг эдийн засагчид болон төв банкууд анхааралтай ажигладаг.
Энэ нь бизнес эрхлэгчдэд хэдийд илүү их ажилчин авах, эсвэл бага хөрөнгө оруулалт хийж, ажиллах хүчээ цомхотгох талаар дүгнэлт хийхэд тусалдаг.
Засгийн газрууд татвараас авахуулаад зарцуулалт хүртэл бүх зүйл дээр шийдвэр гаргахдаа үүнийг ашигладаг. Зээлийн хүүг өсгөх, бууруулах эсэх талаар бодохдоо төв банкуудын хувьд инфляцийн зэрэгцээ гол хэмжүүр болдог байна.
Эх сурвалж:BBC, CNN
Холбоотой мэдээ