Пуэрто-Рикогийн нэрт дуучин Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Испанийн “Marca” агентлагийн мэдээлснээр, тэрбээр 50 жилийн хорих ял авч магадгүй аж.
Тус агентлагийн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд "Хохирогчийн хэлснээр, Рики Мартин долоон сар үргэлжилсэн дотно харилцааныхаа үеэр бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Гомдол гаргагч нь дүүгийнх нь хүү болохыг "харгалзан үзвэл" түүнд өөр шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй. Рики Мартин 50 жилийн хорих ял авч магадгүй" гэж дурджээ.
Гаднын хэвлэлүүдэд Мартиныг бэлгийн хүчирхийлэл, цус ойртолтын хэрэгт буруутгаж буй талаар мэдээлсэн байна. Дээрх хэрэг яг хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй байгаа аж.
Пуэрто-Рикогийн алдарт одын өмгөөлөгч нар Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан гэх мэдээллийг үгүйсгээд зогсохгүй сүүлийн үед тэрбээр сэтгэл зүйн маш хүнд цохилтод орж, шаналж буй талаар мэдээлсэн байна. Мартины төлөөлөгчид энэ сарын эхээр “People”-д өгсөн ярилцлагадаа "Рики Мартины эсрэг худал нэхэмжлэл гаргасан, бүгд зохиомол. Энэ хэргийн үнэн мөн илэрч, үйлчлүүлэгч маань гэм буруугүй нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Дуучны хувьд ч твиттер хуудсаараа дамжуулан өөрийг нь гүтгэж буйг мэдэгдээд, өөрийг нь дэмжиж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох тухай хуулийн 54-р зүйлд заасны дагуу гомдол гаргасны дараа Мартины ах Эрик Мартин хэргийн хохирогч нь дуучны зээ дүү Деннис Ядиэль Санчес болохыг илчилсэн талаар “Marca” мэдээлжээ. Деннис Ядиэль Санчес нь Рикигийн дүү Ванесса Мартины хүү аж.
Нэрт дуучинд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 21-нд эхлэх бөгөөд Деннис Ядиэль Санчес оролцож, шүүгчийн асуултад хариулах юм байна.
Эх сурвалж: YAHOO, TMZ, FOX3NOW
Холбоотой мэдээ