Өнгөрсөн Бямба гаригт буюу долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Таац, Хөгшин Орхон, Бэлтэс, Хануй, Орхон, Онги, Зүүнтүрүү, Зэрстэй, Хурх голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ. Хөгшин-Орхон, Хархираа, Онон, Улз голын адаг болон Бэлтэс, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см даван үерлэж харин Үүр-Цагаан гол үерийн аюултай түвшинд хүрч хүчтэй үерлэж байгаа аж.
Долдугаар сарын 17-ны Ням гаригт Туул-Лүн, Онги-Сайхан овоо, Онги-Арвайхээрт 10-15 см орчим, Хэрлэн-Өндөрхаан, Орхон-Өлзийтийн усны түвшин 5-10 см-ээр нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа аж. Иймд дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр буй юм байна.
Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй орхихгүй, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч, урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ