Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Сайхан наадам боллоо. Амтай болгон л ийнхүү шагшиж байна. Тийм дээ, бид сүүлийн жилүүдэд хэрүүл уруулгүй, хардлага сэдлэггүй наадам үзээгүй. Даваа наймаалцдаг, допинг хэрэглэдэг гээд бичвэл уртаас урт "хар" жагсаалт хөвөрнө. Үнэндээ бид өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний их өв соёл, ёс жудгаа уландаа гишгээд, олигтойхон ч наадамлаж чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрээд байсан билээ.
Монгол наадам бол түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа соёлоо танин мэдэх, эх оронч сэтгэл, үндэсний үзлийг ирээдүй хойч үед өвлүүлэх, ёс заншлаа хадгалан хөгжүүлэх, өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн хамгийн том өв, бахархал юм.
Энэ жилийн наадам эгэл түмний сэтгэлийг ихэд баясгасныг юуны түрүүнд онцолъё. "Үндэсний бөхийн барилдааны барьц сонгодог дүрмийг халахад л бөхийн барилдаан илт уран гоё болоод ирсэн" гэж бөх сонирхогчид магтан, "Бөхийн холбоо дүрмээ өөрчлөхдөө маш ухаалаг байх ёстойг сануулсан жишээ боллоо" гэхчилэн хэлж, илүү сайжруулах зүйл олон буйг анхааруулна лээ.
Энэ жилийн наадам өмнөх жилүүдийн наадмаас онцлог ихтэй, өнгөлөг наадам болов. Шинэ цолтон олноор төрж, бөхийн дараагийн шинэ үе гарч ирж буйг тод томруун харууллаа.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдав.
Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн асуудал хөндөгдсөн. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдлээс харахад, тэд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан бол А.Сүхбат 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.
Энэ жилийн наадмаар Улсын арслан Э.Оюунболд ихэд гомдолтой хоцорсон. Тэрбээр өвдөг шороодсоныхоо дараа учраа бөхөө зодохыг завдсан хэл аманд орсон юм. Аваргууд тэргүүтэй улсын цолтой бөхчүүд гурав, дөрвийн даваанаас эхлэн тахимаа өгсөн. Дөрвийн даваа бөх сонирхогчдын тааврыг эвдэв.
Улсын аварга Г.Эрхэмбаяр Э.Энхбат агсны дүүг амлан авч, элэг бүсээ тайлан өгсөн нь наадамчин олны сэтгэлийг хөдөлгөв. Тэрбээр “Э.Энхбат начин дүүтэйгээ нэгэн үед барилдаж, адилхан өсөх идэр начин цолтой байсан. Бид хэдий насны зөрүүтэй ч ойр дотно байсан. Тавын даваа эхлэхийн өмнө Э.Энхбатын маань дүү адил дөрөв давчихсан байсан болохоор тухайн үед шийдвэр гаргаж, тавын давааны өмнө дүүд нь элэг бүсээ тайлж өгсөн” гэж хэлсэн юм.
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 80 насныхаа босгон дээр буюу тэгш ойн наадмаар зодог тайлж, бөхөд хайртай монгол түмнээ огшоолоо. Тэрбээр "Өвөг дээдсийнхээ үлдээсэн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс суртахуунтай, чамбайхан, чансаатай авч явна гэдэгт найдаж байна" гэв.
Г.Эрхэмбаяр аваргын хэлснээр, энэ жилийн наадамд залуу бөхчүүд өнгөтэй, бяртай байж, Улсын харцага О.Хангай түрүү бөхөөр шалгарч, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж, наадамчин олноо баярлуулав.
Өнөөдөр ч монгол түмэн жудаг гэдгийг Г.Эрхэмбаяр аваргаас, зангараг гэдгийг Ц.Содномдорж арслангаас, нөхөрлөл гэдгийг Д.Анар, Б.Серик заануудаас, төвлөрөл гэдгийг О.Хангай аваргаас, тэнхээ гэдгийг П.Бүрэнтөгс аваргаас, нэгэн насны хөдөлмөр гэдгийг Х.Баянмөнх аваргаас, монгол бөхийн залгамж халааг Б.Орхонбаяр арслангаас харсан онцгой наадам болсныг онцолсоор байна.
Энэ жилийн наадмын бас нэг онцлууштай зүйл нь Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны бөхчүүд албан ёсоор уригдан ирж, хүч бяраа сорьсон явдал байлаа. Тэд ч чамгүй сайн барилдсан. Тухайлбал, Тувагийн бөх Монгуш Сылдыс Улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр, Тувагийн бөх Сайын Белек улсын арслан Д.Ганхуягаар, Тувагийн бөх Карасал Цэдэн-Очир улсын гарьд Д.Рагчаагаар тус тус хор давсан амжилт үзүүлсэн билээ. Дэлхийн монголчуудын үр сад элгэн садан, өлгий нутгаа сэтгэл зүрхэндээ тээж явдгаа ярьж буй нь юутай сайхан бэ.
Эрийн гурван наадмыг шандаст хурдан хүлгүүдгүйгээр төсөөлөх аргагүй. Газар газрын хурдан буянууд Хүй мандлын дэнжийг донсолгон, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Хязаалан насны уралдаанд газар газрын 306 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Ламжавын Пүрэвдоржийн хээр аман хүзүүнд хурдлав.
Их насны морьдын уралдаанд 330 хурдан буян мордсоноос түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдалж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавидар аман хүзүүдэв.
Хурдан соёолонгийн уралдаанд 344 хүлэг мордож, түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Батсуурийн Энхбаярын халтар соёолон хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Намжилдоржийн Нацагджоржийн хээр халзан үрээ аман хүзүүнд ирсэн билээ.
Хурдан дааганы уралдаанд 440 хурдан даага бүртгүүлсэн бөгөөд түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага хурдлав.
“Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай”-гаар 846 дугаартай оролцсон унаач хүү н.Мөнх-Эрдэнийн унасан даага шалгарав. Унаач хүү н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "За яах вэ, аль болох унахгүйхэн шиг явж байгаад ирлээ. Энэ жил даага л унаж байна. Улсын наадам гоё л байна. Даагаа амраагаад л явуулаад байсан. Уралдаан эхлэхэд "Амаа сайн дараад, сайн шахасхийгээд яваарай гэж хэлсэн" гэж ярьж, наадамчин олон ихэд өхөөрдсөн юм.
Үндэсний сурын харваанд шилдэг 16 харваач оролцож, цэц мэргэнээ сорив.
Эмэгтэйчүүдийн харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртэв. Мөн 40 сумаас 37 сум онож, хоёрдугаар байр эзэлсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач, спортын мастер Цэенпилийн Түвшинбат-д “Улсын гарамгай харваач” цол,
Мөн 40 сумаас 37 сум онож, гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, спортын мастер Мягмарын Мөнх-Амгалан-д “Улсын гоц харваач” цол, 40 сумаас 36 сум онож, дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргал-д “Улсын онч харваач” цол, 40 сумаас 35 сум онож, тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаа-д “Улсын тод харваач” цол тус тус олгов.
Эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүн байрт шалгарсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол, спортын мастер Жадамбын Оюунгэрэл-д “Улсын тод харваач” цол тус тус олгосон юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гурав дугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардуулж, баяр хүргэв.
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд: I байранд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ийн баг, II байранд, Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг, III байранд, аймгийн Гоц мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шонхор баг тус тус шалгарсан юм.
Энэ жилийн наадам нар, хур тэгширсэн, дэлгэр сайхан наадам боллоо. Энэ жилийн наадам хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид ажнай хүлгүүдээ уяж хурдлуулан, мэргэн харваачид эрхийн эрч, харааны цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсэн сайхан наадам болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээ