Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав наадмын барилдаанд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээг Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан талаар мэдээллээ.
Тэрбээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн үндэсний бөхийн барилдаан амжилттай боллоо. Энэ удаагийн наадамд монгол туургатнууд анх удаа нэгдсэн байдлаар ирж оролцлоо. Үндэсний их баяр наадмын тухай хууль болон түүнийг дагалдах үндэсний бөхийн барилдааны дүрмийг улс, аймаг,суманд мөрдөгдөхөөр хуульчилж өгсөн онцлогтой наадам боллоо.
Шинэ залуу бөх олноор төрөн гарч байна. 24 настай залуу Улсын аварга болж, олон жил хүлээлт өндөр байсан О.Хангай харцага аварга боллоо.
Бөхчүүд бүгд бэлтгэл сайтай сайхан наадам боллоо гэж харж байна. Допингийн шинжилгээний тухайд Баяр наадмын тухай хуульд зааснаар долдугаар сарын 12-ны үдээс хойш дөрөв давсан бүх бөхчүүдээс шинжилгээ авсан. Энэ удаагийн шинжилгээг Биен тамирын улсын хороо, Олимпийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөллүүд оролцож авсан байгаа. Сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу тухайн лабораторийн ачааллаас шалтгаалж хэзээ гарах нь тодорхой болно. Одоогоор хариу хэзээ гарахыг бидэнд мэдэгдээгүй байна гэлээ.
Холбоотой мэдээ