Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Тэгвэл өчигдрөөс /2022.07.15/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.
Хотынхон хоёр жил хуримтлагдсан стрессээс салж, хорионы дараах холын аялалд гарах төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулсан. Тэр тусмаа энэ жилийн баяр наадмаар иргэд "урт" амарч буй. Иймээс гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөрөө хаашаа явж амрах вэ гэсэн хүмүүс цөөнгүй. Зарим нь гадагшаагаа аялал сонирхож, зарим нь дотоодод аялахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь News.mn мэдээлсэн. Тиймээс тав хоногийн өмнө хотоос гарах чиглэлийн урсгал урт дараалалд ороод байсан бол одоо Улаанбаатар чиглэлд түгжрэл үүссэн байна.
Тодруулбал, Төв аймгийн Лүн сумаас Эмээлт, Улаанбаатар хүртэлх авто зам 4-5 цаг түгжирч байна.
2020 оны улсын баяр наадмаар Улаанбаатараас 430 мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг. Харин энэ жил үүнээс ч их машин хөдөө, орон нутгийг зорьсон албан бус статистик байна. Иймд иргэд түгжрэлийг тооцож, орон нутгийн замд сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.