Украинчууд саяхан нийлүүлсэн барууны системийг ашиглан Оросын логистикийн зангилаа цэгүүд, зэвсгийн агуулах зэргийг фронтын шугамаас хол зайд цохих болсон. Тус улс барууныхнаас алсын тусгалтай нарийвчлалтай их буу, пуужингийн систем авахыг хэдэн сарын турш хүссэн. Тэгвэл өдгөө энэ системүүдээ нутгийн өмнөд болон зүүн хэсэгт ихээхэн үр дүнтэй байрлуулж, амжилттай ажиллаж байна.
Украины арми тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч хиймэл дагуулын зураг болон барууны шинжээчдийн олж авсан баримтаас үзэхэд онилгоо өндөр үр дүнтэй байсан аж. Дотоод хэргийн яамны ахлах ажилтан Вадим Денисенкогийн хэлснээр, сүүлийн хоёр долоо хоногт шинэ зэвсгийн ачаар Оросын чухал нөөц бүхий агуулахуудыг устгаж чадсан гэв.
Хүлээж авсан зэвсгүүд дундаас хамгийн шилдэг нь АНУ-аас нийлүүлсэн “HIMARS” пуужингийн систем юм. Түүнчлэн АНУ, Канадаас М777 гаубиц, Францаас Цезарь алсын тусгалын гаубицыг хүлээн авчээ. Их Британи улс “HIMARS”-аас илүү хүчирхэг М270 пуужингийн системийг нийлүүлэхээ амласан. Гэвч тус системийг украин цэргүүд хэзээ бүрэн гартаа оруулж, байрлуулах нь тодорхойгүй байна.
Украинд нийлүүлсэн “HIMARS” системүүд нь 70-80 километрийн тусгалтай. Мөн “GPS”-тэй тул байг маш нарийвчлалтай онодог. “Энэ нь харилцаа холбооны зангилаа цэг, нисэх онгоцны буудал, логистикийн чухал байгууламжуудыг устгахад ашиглагддаг” гэж цэргийн шинжээч Мик Райан хэлжээ. Долдугаар сар гарснаас хойш Оросын 10 орчим байг оносон гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ