Жил бүрийн наадмаар улсын цол хүртсэн, цолоо ахиулсан, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд нутгийн зөвлөл, томоохон пүүс компаниудаас шагнал урамшуулал өгдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн түрүү бөх, улсын аварга цол хүртсэн О.Хангайд “Таван богд” ХХК-иас “Ланд Круйзер-300” автомашиныг бэлэглэжээ. Мөн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-иас уламжлал ёсоор “HIACE” автомашиныг бэлэглэсэн аж. Харин түрүү бөхийн нэрэмжит энэхүү “HIACE” автомашинаа О.Хангай аварга Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэжээ. Үүнээс гадна “Моннис” групп шинэхэн аваргад “Nissan Patrol Y62” автомашин бэлэглэхээр шийдвэрлэсэн гэнэ.
Өнгөрсөн жил П.Бүрэнтөгс аварга “HIACE” автомашинаа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэж байсан билээ.
Шинэхэн арслан Б.Орхонбаярт УИХ-ын гишүүн Ч.Ундрам аав Ч.Чинбатын хамт "Саруул шилтгээн" хороололд гурван өрөө орон сууц бэлэглэжээ. Мөн Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эхнэрийнхээ "Baigal" брэндээр Б.Орхонбаярт бэлэг барив.
Улсын начин цол хүртсэн З.Батмагнайд “Алтан Тайж” группээс хоёр өрөө байр бэлэглэжээ. Энэ мэт бэлгийн цуваа шинэхэн улсын цолтнуудад, түрүү үзүүрийн бөхчүүдэд үргэлжилж байгаа сурагтай.
Холбоотой мэдээ