Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Б.Орхонбаяр гэх 24 настай залуу тэгш ойн түүхт наадмаар үзүүрлэж, нутгийн зон олон, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Багаасаа чөлөөт бөх, үндэсний бөхийн спортоор хичээллэж, үеийнхнээсээ онцгойрон тодорсон тэрбээр 21 насандаа улсын цолонд хүрч, 24 насандаа улсын арслан гэх хүссэн бүхэн нь яаж ч хичээгээд хүрдэггүй том цолны эзэн болов.
ХАРЦАГА ЦОЛ ХАРАЙДАГ ЦОЛ
Ингэхдээ уран мэх, эр бярыг хослуулан амаргүй даваануудыг гэтэлж хүрлээ. Тэрбээр дөрвийн даваанд Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, тавын даваанд улсын цолонд ойрхон гэгдэж байсан аймгийн арслан Д.Бадамгаравыг, зургаагийн даваанд жүдогоор тив дэлхийд нэрээ дуурсгаж яваа О.Цэцэнгэлийг тус тус давж, цолоо баталсан.
Харин долоогийн даваанд түүнийг улсын арслан Ц.Содномдорж амлан авсан. Бөх сонирхогчид Б.Орхонбаяр, Ц.Содномдорж хоёрыг төстэй бие хаа, царай зүс, барилдаантай гэж ярьдаг. Тэгвэл өчигдөр хоёр бөх заан цолны даваанд хүчийг үзэж, Ц.Содномдорж арслан залуу харцагыг үнсээд наймын даваанд хөтөлсөн.
Гарьд цолны даваанд Б.Орхонбаяр Ховдын хүчирхэг харцага Б.Бат-Өлзийтэй тунаж, нийт 47 минут барилдсаны эцэст давсан юм. Өнөө жилийн наадмаар Б.Бат-Өлзий харцагыг түрүүлнэ гэж их олон хүн харж, тааварлаж байсан нь лавтай. Харин Б.Орхонбаяр тэдний тааврыг эвдэж, найм дахь даваагаа авсан.
Б.Орхонбаярыг төрийн наадмын түрүү, үзүүрт үлдэнэ гэж бөх сонирхогчид ярьдаг, хүлээдэг. Тэгвэл тэрбээр есийн даваанд даян аварга Н.Батсуурийг давснаар Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойгоор түрүү булаалдахаар шалгарав. Даян аваргыг энэ жил түрүүлж эсвэл үзүүрлэн дархан аварга цол хүртэнэ гэж харж байсан хүн олон. Харамсалтай нь, Б.Орхонбаяр гэх 24 настай идэрхэн хүчтэнг давж чадсангүй.
Ийнхүү арвын даваанд хоёр харцага үлдэж, төв цэнгэлдэхэд Буянт гол эгшиглэх үү, Өргөн сэлэнгэ дуулагдах уу гэдэг асуулт гарсан. Хоёр харцагын барилдаанд О.Хангай давснаар аварга цол хүртсэн бол Б.Орхонбаяр арслан цол хүртсэн. Төрийн наадамд үзүүрлэсэн залуу арслан нулимсаа барьж дийлэлгүй уйлсанд Монголын ард түмэн уярсан. Эхийнхээ энгэрт нулимс дуслуулахад нь халх дөрөв, шавь тав даяараа түүнд хайр зарлав. Дөнгөж 24 настай тэрбээр арслангийн эрэмбэтэй болсон ч аварга болох нөөц бололцоо хангалттай бий.
АЙМГИЙН АРСЛАН Б.ОРХОНБАЯР
Чөлөөт бөхөөр голлон хичээллэдэг Б.Орхонбаяр 2018 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байлаа. Үүнийхээ дараа жил дахин аймагтаа барилдаж, аймгийн арслан Н.Баярбаатараар найман даван түрүүлснээр цолоо баталж, “хурц” чимэг хүртсэн. Хэдийнэ аймгийн цол нь багадаж эхэлсэн учир улсын наадамд 2019 онд зодоглон дөрвийн даваанд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрийг, тавын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан Ц.Сандагдоржтой тунан барилдаж давснаар улсын цолтны эгнээнд нэгдэж байлаа. Харин 2020 онд тав даван цолоо баталж, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Гэвч Б.Бат-Орших допингийн шинжилгээнд бүдэрч, Б.Орхонбаяр улсын харцага цол нөхөн хүртсэн юм.
Б.Орхонбаярын өдийг хүртэлх амжилт улсын харцага Т.Өсөх-Ирээдүй гэх эрхэмтэй салшгүй холбоотой. Шавь нь багшийнхаа адил улсын харцага цол хүртлээ. Цолоо ахиулаад арслан цол хүртэж, төрийн наадмын түрүүг булаалдаж үзлээ. Багш, шавь хоёртоо цаашдаа түрүү хүртэх боломж бэлээхэн бий.
Холбоотой мэдээ