Түүхт ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан тун сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн олж өнгөрлөө. Ялангуяа тавын давааны ам авахаас эхлээд улсын том цолтой бөхчүүд наадамчин олны зүрх сэтгэлийг хөдөлгөв.
Улсын аварга Г.Эрхэмбаяр тавын даваанд улсын манлай начин Э.Энхбат агсны дүү аймгийн заан Э.Энх-Амгалангийн амлан авсан юм. Э.Энх-Амгалангийн тухайд өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд зургаан даван харцага цолны болзол хангаж, ахынхаа цолыг ахиулсан ч төр засгийн зүгээс тус наадамд цол олгоогүй билээ. Тэгвэл өчигдөр Г.Эрхэмбаяр аварга Э.Энх-Амгаланг даваа ахиулж, улсын начин цолны босго алхуулсан юм. Ийнхүү Я.Эрдэнэбилэгийн хоёр хүү хоёулаа улсын начин цол хүртлээ.
Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд улсын харцага Б.Орхонбаярыг амлаж, даваа ахиулаад зогсохгүй найм, есийн давааны өмнө зөвлөгөө өгч байсан нь наадамчин олны хайрыг татсан. Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй харцага 2009 оны наадмын тавын даваанд Ц.Содномдоржтой тунан барилдаж байв. Тэгвэл өнөө жил түүний шавь арслантай мөн хүч үзэж, долоогийн давааг гэтэлсэн юм. Т.Өсөх-Ирээдүй харцагын ээж, Б.Орхонбаяр арслангийн аав, ээж бүгд Хөвсгөл аймгийн хүмүүс гэнэ. Ийнхүү Ц.Содномдорж арслан нутгийн гэж хэлж болохоор дүүгээ дэмнэсэн гэж ойлгож болно.
Мөн тавын даваанд Ц.Содномдорж арслан улсын цол горилж буй аймгийн цолтнуудыг амлахаас татгалзаж, улсын харцага Н.Батзаяаг амлан авч, давсан билээ.
Ховд нутгийнхан, бөх сонирхогчид Б.Бат-Өлзий, О.Хангай хоёрыг тунах вий гэсэн айдас, хүлээлттэй байсан. Гэвч наймын даваанд улсын аварга С.Мөнхбат улсын харцага О.Хангайг амлаж, тунаанаас гаргасан юм.
С.Мөнхбат аварга О.Хангай, Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нараас ам авах байсан бөгөөд хэрэв Б.Орхонбаярыг амлавал Ховдын холбоотой хоёр хоорондоо хүч үзэх байлаа. Аварга ч О.Хангайтай нийт 36 минут хүч шавхан барилдсаны эцэст дийлдсэн билээ.
С.Мөнхбат гурвын давааны ам авахаар үеэр "Хөгшин хүн авах буруу, муухай байдаг юм" гэж хэлээд залуучуудаас ам авч байв.
Улсын заан Д.Анар долоогийн даваанд дотны найз Б.Серик начныг амлан авч, элэг бүсээ тайлж өгсөн нь нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан сайхан үйл явдал болсон. Хоёр найз анх 2019 оны наадмын дөрвийн даваанд оноолтоор таарахад Б.Серик начин өвдөг шороодож, улмаар Д.Анар заан цааш явсаар харцага цол хүртэж байлаа.
Дээрх үйл явдлуудаас гадна нутгийн дүү нараа, найзаа дэмжсэн олон үйл явдал тохиосон. Тухайлбал, Тавын даваанд М.Өсөхбаяр заан нутгийн дүү Б.Түмэндэмбэрэлийг, Ц.Одбаяр заан нутгийн дүү Б.Мижидсүрэнг, Т.Баасанхүү харцага нутгийн бөх Н.Хүрэлсүхийг, Х.Гантулга харцага нутгийн дүү Ц.Бямба-Отгоныг, Ш.Пүрэвгарьд харцага нутгийн дүү М.Лхагвагэрэлийг амлаж, даваа ахиулсан гэх зэрэг үйлдэл гарсан.
Зургаагийн даваанд Б.Гончигдамба гарьд нутгийн дүү М.Лхагвагэрэлийг амлан авч, харцага цолны давааг гэтлүүлсэн билээ.
Холбоотой мэдээ