ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Иранд айлчилна гэж Кремль Мягмар гаригт мэдэгдэв. Украинд ажиллагаа явуулахад нь Тегеран Москвад тусалж, нисгэгчгүй онгоцоор хангаж чадна гэж АНУ анхааруулсны дараахан Кремль тус мэдэгдлийг гаргасан байна.
Ирэх Мягмар гаригт Тегеранд хийх айлчлалынхаа үеэр Путин Сирийн асуудлаар "Астана формат" гэж нэрлэгддэг Иран, Туркийн удирдагчидтай хийх гурван талт уулзалтад оролцоно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Иранд хийх Путины айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Израиль, Саудын Арабад хийсэн айлчлалын дараа болж байна. Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутаг дахь хор хөнөөлтэй үйл ажиллагаа хэлэлцээний гол сэдэв байх нь.
Тегеранд хийх айлчлалын үеэр Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай тусдаа уулзалт хийнэ гэж Песков сэтгүүлчдэд мэдэгджээ. Эрдоган гуравдугаар сард Туркийн Истанбул хотод Орос, Украины төлөөлөгчдийн хоорондын яриа хэлэлцээг зуучлахад тусалсан юм. Цагаан ордон Даваа гаригт "Орос улс Украинд ашиглахын тулд олон зуун дрон Иранаас авахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн билээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ "Иран Орост ямар нэгэн машин нийлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. АНУ-д мөн Иран Оросын цэргийн хүчийг энэ сард сайжруулахаар бэлтгэж байгааг илтгэх "мэдээлэл" бий" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ