Улсын баяр наадамтай холбоотойгоор иргэдийн хөдөө орон нутаг болон аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалт хийж байгаа аж. Баяр наадмын эхний өдөр буюу өчигдөр (2022.07.11) тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлсэн 415 зөрчил илрүүлж, газар дээр нь хариуцлага тооцжээ.
Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй юм байна.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, цаашид цагдаагийн байгууллага гарч буй осол хэрэг, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй аюулаас урьчилан сэргийлж, учрах хохирлыг багасгахад анхаарч, хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцож буй ажээ.
Г.БҮЖИНЛХАМ
Холбоотой мэдээ