Лондоны монголчуудын наадамд сумын заан Б.Батбилэг түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Лондоны монголчуудын наадамд сумын заан Б.Батбилэг түрүүлжээ

Лондоны монголчуудын наадамд сумын заан Б.Батбилэг түрүүлжээ

Лондонд ажиллаж амьдардаг монголчууд долдугаар сарын 3-ны өдөр эрийн гурван наадмаа хийж баярлажээ. "Монгол наадам-2022"-д Монгол Улсын "Зууны манлай дуучин" Б.Сарантуяа, дуучин Наки, Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучин Э.Амарсайн нар ая дуугаа өргөж, хуран цугласан наадамчдаа баясгасан байна.

Тус наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Баян сумын харъяат, сумын заан Б.Батбилэг түрүүлж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харъяат н.Ганболд үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Гуулин сумын харъяат, сумын заан н.Баасандорж, мөн аймгийн Жаргалан сумын харъяат, Лондоны начин н.Ганзориг нар тунаж үлджээ.

"Монгол наадам-2022"-ын үеэр анх удаагадаад бөхчүүдийн барилдаан зохиогдож, таван бөх тойргоор барилдсанаас Туркийн иргэн, Лондоны начин Элбиз Бисон түрүүлсэн бол Английн иргэн, залуу бөх Робин Фелл үзүүрлэсэн байна.

Тус наадмын онцлогийн талаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Б.Энхсүх үг хэлэхдээ “Энэхүү наадам нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтөн цар тахалтай тэмцсэн амаргүй хүнд үеийг туулсны дараах баяр наадмын үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм. Лондон хотод зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Их Британийн бусад хотод сурч, ажиллаж амьдарч байгаа монголчууд өргөнөөр оролцож, маш сайхан өргөн дэлгэр болгож байна” гэжээ.

Гадаад бөхчүүдийн барилдааны түрүүг авсан, Турк улсын иргэн Элбиз Бисон наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Тэрбээр “Монгол үндэсний бөхийн барилдаанд оролцож, гадаад бөхчүүдийн тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Монголын үндэсний өв соёл үнэхээр гайхалтай. Би монгол үндэсний хоол, соёл урлагт маш их дуртай” гэжээ.

Мөн насанд хүрэгчдийн дунд шагайн харваа, сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн болж, аваргуудаа шалгаруулсан байна. Үүнээс гадна наадамд өнгө нэмдэг үндэсний хувцсаар гоёж ирсэн гэр бүл, хүүхдүүдийг шалгаруулж, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулжээ.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж