Улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

LiveУлсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдлаа. 


 

 

00 : 21
2022-7-13

Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны арвын даваа өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын харъяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн харъяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ.

Хүчит 1024 бөхийн барилдаанд харцага О.Хангай түрүүлснээр Монгол Улсын 25 дахь аварга цолтноор тодорч байна.

Улсын харцага О.Хангай 1990 онд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Тэрбээр 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав давж, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч, "Улсын харцага" цол хүртсэн.

2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

2020 онд, 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн тул Ардын хувьгалын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож, чимэг нэмсэн.

Улсын харцага Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр. "Боохой" хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.

Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдаж, 21-хэн насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан.

Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм.

Б.Орхонбаяр 2019 онд начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон билээ. Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Гэвч Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

Б.Орхонбаяр 2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Ц.Содномдорж арслангаар 7 давж, Улсын заан цол хүртэж,  Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж, Улсын гарьд цол хүртэж, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж, улсын арслан цол хүртсэн. Өнөөдөр ийнхүү шинэ цолоо түрүүгээр мялаалаа.

23 : 33
2022-7-12

Б.Орхонбаяр, О.Хангай нар түрүү булаалдана

Б.Орхонбаяр харцага даян аварга Н.Батсууриар ес давж, улсын арслан цодны болзол ханган О.Хангай харцагатай түрүү булаалдахаар үлдлээ.

19 : 42
2022-7-12

Б.Серик начин улсын харцага цолны болзол хангав

Улсын начин Б.Серик начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Э.Сумъяабатаар зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа. Мөн даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Мижидсүрэнг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Хүрэлсүхийг, улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан Б.Лхагвадоржийг тус тус давлаа.

19 : 35
2022-7-12

Дөрвөн харцага цолтон цолоо баталлаа

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Э.Энх-Амгалангаар, О.Хангай харцага аймгийн харцага Б.Сосорбарамаар, Б.Орхонбаяр харцага аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Н.Золбоо харцага аймгийн арслан Ө.Батзулаар тус тус цолоо баталлаа. Мөн Д.Анар заан аймгийн заан Б.Түвшинтөгсөөр зургаа давав. 

19 : 28
2022-7-12

Аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага цолны болзол хангалаа

Аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр зургаагийн даваанд аймгийн заан Э.Батмагнайтай тунаж ийнхүү давлаа. Мөн улсын харцага О.Хангай аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа давав.

19 : 23
2022-7-12

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ. 

Даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Мижидсүрэнг, улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан Э.Нямааг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Хүрэлсүхийг амлан авчээ.

 

 

17 : 20
2022-7-12

Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл улсын начин цолны болзол хангалаа

Аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин цолны болзол, аймгийн заан О.Түмэн улсын начин цолны болзол тус тус хангалаа.

Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын начин цолны болзол хангалаа.

Мөн аймгийн арслан Х.Оргилболд, аймгийн харцага Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Ө.Батзул нар улсын начин цолны болзол хангаад байна.

Аймгийн заан Э.Батмагнай улсын начин цолны болзол хангалаа. 

17 : 08
2022-7-12

Улсын начин цолтнууд төрлөө

Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын начин цолны болзол хангалаа. 
Аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн улсын начин цолны болзол хангав.
 
Мөн аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын начин цолны болзол хангалаа. 

 
 
15 : 45
2022-7-12

Г.Эрхэмбаяр аварга Э.Энхбат агсны дүүг амлалаа

Хүчит бөхийн тавын даваа эхэлж, бөхчүүд ам авч эхэллээ. Эндээс хамгийн сонихолтой нь Г.Эрхэмбаяр аварга улсын начин Э.Энхбат агсны дүү, аймгийн заан Э.Энх-Амгаланг амласан нь байв. Мөн улсын арслан Ц.Содномдорж улсын харцага Н.Батзаяаг амлажээ.

15 : 08
2022-7-12

Таавар эвдсэн дөрвийн даваа

Хүчит бөхийн дөрвийн даваа тун сонирхолтой болж өнгөрлөө. Түрүү бөхийн тоонд орж, цолоо ахиулна гэж байсан олон сайн бөх өвдөг шороодов. Тухайлбал, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Цэрэнтогтох, Э.Даш, Д.Амаржаргал, Г.Ганжад зэрэг улсын цолтнууд уналаа.

13 : 55
2022-7-12

Түрүү бөхийн тааварт байсан Б.Пүрэвсайхан заан уналаа

Улсын арслан Р.Пүрэвдагва өвдөг шороодлоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Х.Наранбаатар улсын арслан Р.Пүрэвдагвагаар дөрөв давлаа.

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн түрүү бөхийн тоонд явж байсан Б.Пүрэвсайхан заанаар дөрөв давлаа. Хүчит бөхийн дөрвийн даваа тун сонирхолтой өрнөж байна.

Дөрвийн давааны торгон агшнуудыг хүргэж байна. 

13 : 25
2022-7-12

Улсын гарьд М.Бадарч өвдөг шороодлоо

Хүчит бөхийн дөрвийн даваа эхэллээ. Энэхүү даваанд улсын гарьд М.Бадарч өвдөг шороодож, шуугиан дэгдээв. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат түүнийг энэ жил түрүү бөхийн тааварт оруулсан байсан билээ. Түүнийг Баянхонгор аймгийн Жимст сумын харьяат аймгийн заан Э.Батмагнай давав.

Аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын гарьд Ш.Жаргалсайханыг давлаа. Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө буулган авав.

13 : 14
2022-7-12

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Даян аварга Н.Батсуурь, аймгийн начин Э.Батсуурьтай, Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Дэчинжүрмэдтэй барилдана.

ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ:

 

12 : 06
2022-7-12

Улсын цолтнууд өвдөг шороодлоо

Хүчит бөхийн гурвын барилдаан үргэлжилж байна. Гурвын даваанд улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, улсын харцага Л.Пүрэвжав, Г.Ганхуяг, Ш.Уламбаяр, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Ганболд, Г.Батбаяр, Ж.Амартүвшин, Ш.Мөнгөнбаатар зэрэг улсын цолтнууд өвдөг шороодлоо. Мөн улсын начин Н.Мустафа, Б.Чимэдвандан, Б.Хишигбаатар зэрэг дээшээ даваанд үзэх болов уу гэж бөх сонирхогчдын хүлээж байсан бөхчүүд уналаа.  

11 : 16
2022-7-12

ФОТО: Гурвын давааны онцлох агшнууд

Хүчинт бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын давааны онцлох ашгнуудын фото сурвалжлагыг хүргэж байна. 

10 : 31
2022-7-12

Улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо

Энэхүү даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар нутгийн залуу бөхчүүдээ дэмжиж, даваа ахиулсан бол улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Э.Оюунболд, Д.Азжаргал, улсын гарьд М.Баяржавхлан, И.Доржсамбуу нар өвдөг шороодлоо. Түрүү бөхийн тааварт явж байсан Э.Оюунболд арслан өвдөг шороодсон нь энэ давааны онцлох үйл явдал байлаа.

Мөн улсын гарьд М.Баяржавхлан улсын начин Э.Энхбат агсны дүү аймгийн заан Э.Энх-Амгаланд өвдөг шороодов.

09 : 49
2022-7-12

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлан авав. Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ давж, Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодов.

Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож Дархан аварга Б.Бат-Эрдэнээр гурав давлаа. Даян аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн харцага Э.Цэнд-Очирыг давж, есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн начин Б.Эрдэнэбуянаар гурав давлаа.

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн начин Ц.Баасандоржоор гурав давлаа. Улсын заан Д.Анар Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатаар гурав давлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж