Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн ээж “Эв нэгдлийн сүм” гэх Мүүнийн шашны гишүүн болохыг тус сүмийн Японы салбарын тэргүүн өнгөрсөн Даваа гаригт баталжээ. Албан ёсоор "Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо" гэгддэг "Нэгдлийн сүм"-ийн Япон дахь салбарын ерөнхийлөгч Томихиро Танака өнгөрсөн Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр сэжигтний ээжийг дагалдагч байсан гэж "Ройтерс" агентлагт мэдээллээ.
Танака сэжигтний ээжийн нэрийг хэлээгүй ч 1998 онд сүмд элссэн байна. Тэрбээр 2009-2017 оны хооронд сүмд оролцохоо больсон ч хоёр жилийн өмнө сүмийн гишүүдтэй дахин холбогдсон аж. Түүнээс хойш сүмийн арга хэмжээнд тогтмол оролцож байгаа гэж тайланд дурджээ.
Нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгосын лам Сун Мён Мүүний үүсгэн байгуулсан шашны хөдөлгөөн юм. Дагалдагчдыг ихэвчлэн "Moonies" гэж нэрлэдэг. Гэмт этгээд цагдаагийнханд ээж нь 20 гаруй жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх шашны бүлэгт хандив өгснөөс болж дампуурсан гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Абэ тус бүлэглэлийг сурталчилдаг байсан тул хороох шийдвэрт хүрсэн аж.
Танака хандивын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Цагдаагийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч Абэ болон буудсан этгээд хоёр сүмийн гишүүн биш гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ. "Нэгдлийн сүм"-ийг хуучин гишүүд нь сүм биш гэж тодорхойлсон бөгөөд олон нийтийн хурим зохион байгуулдгаараа алдартай аж. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп зэрэг нэр хүндтэй консерватив улстөрчдийг цуглаанд үг хэлэхийг урьсан удаатай. Өнгөрсөн жил Абэ “Нэгдлийн сүм”-тэй холбоотой байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ