Сурвалжлага: Нар, хур тэгширсэн наадмын өнгө

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нар, хур тэгширсэн наадмын өнгө

Сурвалжлага: Нар, хур тэгширсэн наадмын өнгө

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж, наадамчин олон төв цэнгэлдэхээс Хүй долоон худаг, төв талбай, аймаг, орон нутгийн зүг жолоо залцгаана. Гэсэн ч бөхөд дуртай нь бөхөө шимтэн үзэж буй болон сурын мэргэн харваачдыг тольдож, шагайн харваа үзэж сонирхох хүмүүс дунд зөрөх зай олдохгүй байв. Тэр дундаа сурын харваа явагдаж буй асар харваачид болон гадаадын жуулчдаар дүүрчээ. Нар, хур тэгширсэн цэнгэлдэхийн наадмын өнгө энэ жил дэлгэр сайхан байгааг наадамчин олон ам уралдан ярьж байлаа. Энэ жилийн наадам цар тахлын дараах наадам гэдгээрээ онцлогтой бөгөөд сонирхол татах зүйл олон байгаа юм.

Тэдгээрийн нэг нь зохион байгуулалт, өв уламжлалыг илтгэх соёлын арга хэмжээнүүд.

Тэгш ойг хамтатгаж байгаатай холбоотойгоор Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын ая тухыг тусгайлан хангасанд онц дүн өгөхөөр байгааг иргэд хэлж байлаа. Мөн хуушуурын асар, айрагны өргөөг эгнүүлэн тусгайлан засч, худалдааны хэсгийг цэгцтэй зохион байгуулсан нь онцлог болжээ. Наадмын өнгө, чанарыг энэ жил илүү сайжруулах нь зүйн хэрэг. Тиймдээ ч наадамчин олны сэтгэгдэл тэнүүн байна.

НЭЭЛТИЙН ҮЗҮҮЛБЭРТ МОНГОЛ УЛАМЖЛАЛЫГ ЦИРКИЙН УРЛАГТАЙ ХОСЛУУЛСАН НЬ ГАЙХАЛТАЙ

Төрийн есөн хөлт Цагаан тугийг ёслол хүндэтгэлтэйгээр Төв цэнгэлдэхэд оруулж, баяр наадмын хөтөлбөр орон даяар нээлтээ хийсэн. Үүний дараагаар Монголын түүхийг өртөөлөн харуулсан үзүүлбэр гаргасан нь иргэдийн сэтгэлд ихэ нийцэв.

Тэр дундаа тусгайлан бэлтгэсэн агаарын циркийн үзүүлбэрүүд ихэд гайхашруулсан бөөгөөд гадаадад олон жил амьдарсан хүмүүст соньхон байгааг хэлсэн юм.

Иргэн Н.Төрбатын хувьд Канадад гурван жилийн хугацаанд амьдарч байгаад ирсэн бөгөөд энэ жил наадмын нээлтийг үзэж, омогшсон тухайгаа бидэнд хуваалцлаа. Түүний хувьд "Монголдоо ирээд үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Тэгш ойн наадам үзэж буйдаа ихэд бэлгэшээж байна" гэв. Харин Америкаас Монголд аялахаар ирсэн Женсон Дефф "Наадмын хөтөлбөр, монголчуудын үндэсний дээл, хувцас ихэд таалагдсан" гэлээ. Мөн цэц мэргэнээ сорьж буй харваачдаас хараа салгаагүй талаараа хуваалцсан юм.

НААДМЫН ХУУШУУР МАХТАЙ, АЙРАГНЫ АМТ ЧИМЧИГНЭЖ БАЙНА

Наадамчин олны амтлахыг хүсдэг зүйл бол хамгийн амттай баярын хуушуур. Тиймдээ ч худалдаа эрхэлж буй ихэнх асар өөрсдийн "брэнд" хуушуураа бэлтгэн зарна. Өрсөлдөх, шилж сонгох гол зүйл нь амт бөгөөд үнэ ханшийн хувьд ижил. Мөн орчин, суух талбай зэргээс шалтгаалж хүмүүс сонголтоо хийж байгаа харагдав. Түүнээс мах, орц, порцын хувьд адил. Энэ жилийн наадмын хуушуур 2000 төгрөгөөр зарагдаж байгаа бол бяслагтай, халиартай зэргээс шалтгаалж 2500-3500 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Нэгэн асрын хуушуурын тогооч "14:00 цагийн байдлаар 1000 орчим хуушуур хийсэн. Мах ихтэй хийхийг чухалчилсан. Мөн хяналт шалгалт өндөр байгаа учраас ариун цэврийг өмнө жилүүдийнхээс илүү сайн сахих үүрэг авсан" гэлээ.

Мэдээж хүний идэж байгаа хоол хүнс учраас хяналт тавих нь зүйн хэрэг. Тиймдээ ч мэргэжлийн хяналтын баг, эмнэлгийн яаралтай тусламж, цагдаа, онцгойгийн алба хаагчид цэнгэлдэх тойрон ажиллаж байлаа. Баяр наадмын зохион байгуулах комисс “Одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй. Худалдаа эрхлэх талбай эзэмшлийн тухайд байршлын маргаан өглөө гарч, тухай бүрд нь зохицуулсан. Баяр наадам хөтөлбөрийн дагуу хэвийн үргэлжилж байна” гэсэн тайлбар өгөв. Мөн энэ жил хар зах шиг эмх цэгцгүй худалдаа, үйлчилгээ явуулахгүйг сануулж, зөвхөн заасан бүсэд зөвшөөрсөн талбайд л худалдаа эрхэлж байгаа аж.

ШАГИЙН ТАСАЛБАР 150-180 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Одоогоос гурван жилийн өмнө наадмын багц тасалбар 16-24 мянган төгрөг, шагийн үнэ 100 мянга дотор хэлбэлзэж байсныг иргэд хэллээ. Харин энэ жил 100 хувь цахимаар худалдааснаар зарим хүн тасалбараас хоцорчээ. Тиймээс цэнгэлдэхийн үүднээс авахаас өөр сонголтгүй болсон байна. Хугацаа тулсан, бөхөө зүлэг ногоон дэвжээнээс үзэхийг хүссэн хүмүүс шагийн тасалбарын эрэлд гарах нь гарцаагүй. Үүнийг нь андахгүй мэдэх худалдаачид төв хаалганы үүд хэсэгт тасалбар барин зогсцгооно.

Шагийн хос тасалбарын үнэ 150-180 мянган төгрөг байна. Иргэд худалдаачидтай үнэ тохирч буулгаж авч болох аж.

Enaadam.mn сайтаар худалдсан тасалбар сүүдрэвчтэй эсэхээс шалтгаалж 42-52 мянга 500 төгрөг байсан. Харин бодит байдал дээр тасалбарын ханш ийнхүү 2-3 нугарсан байна. Гэхдээ үүнийг цагдаа шалгах, зохицуулах боломжгүй иргэд хоорондын харилцаа гэж холбогдох албаныхан хэлж байлаа.

Наадмын хөтөлбөр үндсэн үйл ажиллагаанаас гадна төв цэнгэлдэхийн гадна талбайд хүний хөл тасрахгүй байв. Ямартай ч наадамчин олон урьд жилүүдийнхээс өнгөтэй, үндэсний баярын арга хэмжээ өргөн дэлгэр болж буйг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж