Нийслэлийн иргэд баяр наадмын амралтын өдрүүдэд агаар салхинд гарахаар Туулын эрэг орчмыг барааддаг. Хаяа хаяагаа "дэрлэн" буусан майхан, машин наадмаар Туул голын эргээр битүү шавах нь тодорхой. Харамсалтай нь, тархиндаа хогтой иргэдээс болж байгаль экологи сүйдэж, унаган төрхөө улам гээсээр. Тиймээс хоггүй наадах уриалгыг хот болоод байгаль орчны газраас дэвшүүлжээ. Угтаа бол асуудлыг төр засагт чихэж, хогийн сав нэхэж суухаар ачаад ирсэн идсэн уусныхаа хогийг аваад явчихад болчих асуудал юм. Гэвч, амарч, зугаалахаар голын эрэг бараадаж буй иргэд хогоо овоолж хаячхаад явах нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнээс болоод Туулын эрэг Улаанчулуут шиг хогондоо дарагдсан дүр зураг угтаж байна.
Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж иргэд агаар салхинд гарахдаа хотын ойролцоох голын эргийг мөн бараадаж байв. Тухайн үед халдвар хамгаалал, ариун цэврийн дэглэмээс шалтгаалж иргэд харьцангуй ухамсартай хандаж байжээ.
Харин энэ жил тэр ухамсраа дахин гээсэн болохыг хүмүүс цахим хуудастаа бичиж байна. Хог хаягдал, хүний хөдөлгөөн эмх цэгцгүй аялж байгаатай холбоотой хотын дарга хүртэл дрон нисгэж хяналт тавих чиглэл өгөөд амжсан. Энэ сургаар нь иргэд эрх биш эмх цэгцтэй агаарлаж сурах байх гэсэн ч огт хэвшээгүй хэвээр. Ганцхан жишээ бол Баянзүрх дүүргийн товчооны Туул гол.
Голын эрэг дагуу хог хаягдал, орчны бохирдол бол дулааны улиралд нян тээгч төдийгүй ойролцоох оршин суугчдын эрүүл мэндэд ч заналхийлж байна.
Агаар салхинд гарсан иргэд сүүдрэвч, майхан барьж, шорлог хийдэг. Ихэнх нь хоногоор биш өдрөөр амарч зугаалж яваа бөгөөд бага насны хүүхдүүдээ агаарлуулж, салхилахаар зорьдог. Гэвч малгай тавьбал манайх гэдэг шиг иргэд суусан газартаа хамаг бүхнээ дэлгэдэг. Тэр бүү хэл хог хаягдал, бохирдлоо ч хаяад явдаг нь нууц биш. Тиймээс албаны хүмүүс энэ жил хоггүй наадах уриалгыг дахин гаргажээ. Харин иргэдийн зүгээс Туулын ай сав газраар ядаж нэгдсэн хог ангилан ялгаж хаях тэмдэглэгээ бүхий томоохон хогийн сав, нийтийн нойлыг гаргах өгөхийг хүсч байна. Тэгэхгүй бол хүчтэй салхи гэнэт шуурах төдийд ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой зууж, хөөцөлдөх хүүхдийн хөлд тарж хийснэ. Эцэг эхчүүдийн зүгээс хяналт тавьж байгаа ч минут тутамд үр хүүхдээ ажиглах боломжгүйгээс хүүхдүүд нь бохир зүйлсээр тоглох, гараараа хоол ундаа идэх гээд вирус дамжих эрсдэл үүсч байгаа гэхэд ч хилсдэхгүй.
Мөн үүнээс гадна амралтын бүсүүдэд амрагчдад зориулсан нийтийн бие засах газрыг байршуулах шаардлага зайлшгүй үүсч байна.
Баянзүрхийн товчооны Туул гол орчмын талбайг айлууд эзэмшиж хашаалж, амрах газар эрсэн хүнд аятайхан амрах тав тухтай талбай тун бага үлдсэн болохыг иргэд хэлж байна. Айлууд дундуур сүлжиж туулын эрэг рүү дөхөх тусам хийсэх хог хаягдал, бохир орчин угтана. Машин сүлжилдсэн замаас үүдэн ногоон зүлэг багасч, сул шороо ихсэх тул иргэд ухамсартай наадах нь байгальд болоод дараа дараагийн удаа тус хэсэгт байрлах дотоод гадаадын хүмүүст ч хэрэгтэй гэдгийг санах нь чухал юм.
Холбоотой мэдээ