Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Долдугаар сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аялал зугаалгаар явж буй иргэд, малчид, наадамчин олонд анхааруулж байна.
Долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй “Үүр” голын усны түвшин 105 см нэмэгдэж үерийн түвшинг 115 см давж хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ мөрний дагууд болон хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж, Туул, Сөгнөгөр болон зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн голын эх Мөнгөнморьт сум орчимд Улз голын адгаар усны түвшин 5-20 см нэмэгдэж үерийн түвшинг 5-35 см даван үерлэж байна.
Наадмын өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон голын сав газраар их хэмжээний түр зуурын усархаг бороо орох тул богино хугацаанд голууд үерлэх магадлал өндөр байна.
Зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхэн үеэр хур бороо элбэгшсэн учраас зарим гол үерийн түвшинг давж олон өдрийн турш үерлэж байгаа юм. Иймийн тул голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайтар чангатгахыг цаг уур орчны шинжилгээний газар болон онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД УСНЫ ОСЛООР ГУРВАН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Тодруулбал, долдугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нууранд 34 настай эрэгтэй Ширээт нуурын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авч аврах ажиллагааг эхлүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг гарчээ.
Мөн долдугаар сарын 10-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “мянган машин”-ы захын дагуу Туул голын салаа тогтоол усанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дөрвөн хүний нэг нь живсэн харамсалтай явдал гарчээ. Амь насаа алдсан иргэн Э дөнгөж 19 настай байсан байна.
Тус өдрийн 18 цагийн орчимд 35 настай иргэн Э Архангай аймгийн Өгийнуурт хийлдэг завьтай хөвж яваад завь нь хөмөрч живжээ.
Г.БҮЖИНЛХАМ
Холбоотой мэдээ