Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр/2022.07.11/ албан ёсоор нээлтээ хийж байна. Энэ удаагийн наадам олон зүйлээрээ онцлог. Тодруулбал, Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны бөхчүүд барилдана. Үүнтэй холбогдуулан Халимагаас ирсэн бөх, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилалттай танилцлаа. Тэд Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээнийхэнтэй хамт “Харзтай”-д бэлтгэлд гарчээ.
Халимагаас нэг бөх, хоёр дасгалжуулагч ирсэн гэнэ.
ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Левинов Геннадий Александрович ярилцсан юм.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэлд маш гайхалтай сэтгэгдэл төрж, бид энд байгаадаа баярлаж байна. Халимаг, Монгол хоёрын хооронд маш хол зайтай тул өвөг дээдсийнхээ нутагт ирсэн сэтгэл маш их баярлаж байна. Учир нь бид бүгд нэг үндэстэн шиг байсан ч бид эндээс явсан. Харин өнөөдөр энд байгаа болохоор агаар ч цэнгэг, нар ч гийж байна. Цаг агаар сайхан байна. Бүх зүйл сайхан байна. Бүгд янзын.
-Та анх удаагаа Монголд ирж байна уу?
Сайхан бид хоёр анх удаагаа ирж байна. Харин Мэргэн маань хоёр дахь удаагаа ирж байна.
-Бэлтгэл ямар байна вэ?
–Бэлтгэл тун сайн байгаа. Монголын бөхчүүд хүчтэй, чадалтай юм. Надад таалагдлаа. Сайн бөхчүүд байна. Өнөөдөр тэд манай залуу бөхөд багшилж байна. Манай бөх их залуу. 23 настай. Тиймээс ч учраас бид Халимагаас өөрсдийн барилдааны туршлагаа хуваалцаахаар, монгол бөхөөр хэрхэн барилдахыг сурахын тулд, монгол бөхтэй танилцаж, туршлага судлах зорилготой түүнийг авчирсан. Өнөөдөр, өчигдөр ч бас бид мөн адил бэлтгэл хийж байна. Шидэх, хавирах, хөл авах, унах зэргийг харж авлаа. Энэ бүгд цөм монгол бөхийн арсенал.
-Яагаад наадамд барилдъя гэж шийдсэн бэ?
–Бид Монголын үндэсний бөхийн холбооны урилгаар наадамд зодоглохоор болсон. Албан ёсны урилга Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол зэрэгт албан ёсны урилга илгээсэн юм. Тиймээс бид оролцохоор ирсэн.
Түүнчлэн дасгалжуулагч Анжуран Мөргенээс наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Өмнө нь 2019 онд мөн наадмаар ирж байлаа. Ер нь би үндэсний бөхдөө, монгод бөхдөө хайртай. Дотны хүмүүсээ хараад сайхан сэтгэгдэл төрж байна. Бүх монголчууд бид нэг ард түмэн. Бид 400 гаруй жилийн өмнө Орос руу явж, суурьшсан ч монголчууддаа хайртай. Бид ч бас монголчууд.
-Удахгүй болох наадмаас юу хүлээж байна вэ?
-Мэдээж бид давахыг хүсч байна. Гэхдээ хамгийн гол нь оролцох шүү дээ. Манай залуу бөх ч монгол бөхийн дүрмээр барилдахыг сурч байна. Манайх арай өөр дүрэмтэй л дээ. Монгол бөх сайхан. Энд бүх зүйл сайхан байна. Байгаль нь үзэсгэлэнтэй, хоол нь амттай. Бидэнтэй уулзсан, ойр байгаа зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. Мөн хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Халимагт амьдран суугаа ард түмэн, бүх орос үндэстний нэрийн өмнөөс монголчууддаа, Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Ийнхүү наадамд зодоглох Халимаг бөх Сайхан Имеевтэй ярилцав. Түүний хувьд анх удаагаа монгол бөхөөр барилдаж байгаа бөгөөд халимаг болон монгол бөхийн хооронд зодог, шуудагнаас эхлээд барьц, золгоо нь ялгаатай болохыг тэрбээр онцолж байлаа. Түүний Монголд байх хугацаанд нь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан О.Баярхүү багшилж байсан юм.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Энд маш сайхан байна. Надад үнэхээр таалагдаж байгаа. Энд байгаа бүх зүйл тун элгэмсэг. Мэдээж хилээр машинаар орж ирэнгүүт хамгийн түрүүнд таалагдсан зүйл бол байгаль нь.
-Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Үнэнээ хэлэхэд өмнө нь монгол бөхөөр барилдаж байгаагүй. Гэхдээ үүнд дасах хэрэгтэй. Өвөрмөц сонирхолтой байна.
-Наадам удахгүй болно. Догдолж байна уу?
-Тиймээ гарцаагүй. Наадамд оролцох нь их нэр төрийн хэрэг. Энд ирж оролцох боломж олдсон нь надад үнэ цэнтэй. Монгол наадамд зодоглох саналаас би татгалзаж чадаагүй. Би шууд л ирэхийг зөвшөөрсөн.
-Таны аавыг бөх гэж сонссон. Аавынхаа талаар юу хэлэх вэ?
-Тиймээ миний аав бас бөх. Чөлөөт бөхийн ЗХУ-ын спортын мастер, Грек-Ром бөхийн ОХУ-ын спортын мастер, Халимагийн үндэсний бөхийн үнэмлэхүй аварга, аварга цолтой.
-Та хэдэн жил бөхөөр хичээллэж байна вэ?
–Нэгдүгээр ангиасаа зургаан настайгаасаа эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 18 дахь жилдээ хичээллэж байна.
-Яагаад бөх болъё гэж бодсон юм бэ?
-Намайг бага байхад аав минь бэлтгэл рүүгээ дагуулж явдаг байсан юм. Тэр л спортын уур амьсгал надад таалагдсан.
-Монгол бөхчүүдтэй барилдах, бэлтгэл хийх ямар байна вэ?
-Үнэнээ хэлэхэд, би одоог хүртэл зөвхөн арслан О.Баярхүүтэй л бэлтгэл хийж байна. Тэр үнэхээр хүчтэй. Ер бусын хүчтэй л гэж хэлмээр байна.
-Та ирэх наадмын зорилго юу вэ?
-Ирэх наадмаар уу? Мэдээжийн хэрэг хэд хэдэн даваа авч, асар их туршлага хуримтлуулан гэртээ харимаар байна. Мэдээж энэ манай түүхэн бөхийн түүхийг арвижуулна.
-Танд дэлхийн монголчууддаа хэдэн хэлэх үг бий?
-Бүгдэд нь дэлхийн хамгийн сайн сайхныг, илүү их гэрэл гэгээтэй үйл явдлуудыг хүсэн ерөөе. Бүх хайртай хүмүүс нь энх тунх, аз жаргалтай байх болтугай.
Холбоотой мэдээ