
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны шинэ эцэс, Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбай, Толгойт, Орбитын эцэс, Баянзүрх дүүрэгт Шар хадны эцэс, Дарь-Эхийн эцсийн буудалд, Баянгол дүүрэгт дөрөвдүгээр хорооллын “Смарт” худалдааны төв, 11 дүгээр хорооны баруун хойно байршилтай “Сантын гол” хүнсний дэлгүүр, Хан-Уул дүүрэгт Нисэх болон Яармагийн эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Хайлаастын шинэ эцэс, 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ын цагаан байрнуудын дунд, Дамбадаржаа дахь “Хан-Эрдэнэ” хүнсний дэлгүүрт гэх мэт.
Шууд худалдаагаар гурилыг үйлдвэрийнх нь үнээр буюу нэг кг-ыг 480 төгрөгөөр борлуулна гэсэн ч бодит байдал дээр арай л өөр дүр зураг харагдаж байна. Үнэн хэрэгтээ иймэрхүү арга замаар үйлдвэрлэгчдийн үнийг буулгах гэсэн төрийнхний шахалт бололтой. Тариалан эрхлэх сангаас хямд будаа авч, ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан гурилынхаа үнийг буулгасан “Улаанбаатар”, “Мил хаус” зэрэг үйлдвэрүүдэд иргэд ам сайтай байж, харин зах зээлийнхээ ханшийг барина гэсэн “Алтан тариа” компанийг буруутгаж байгаа сонсогдоно. Бүх үйлдвэрүүд үнээ буулгаад, зөвхөн “Алтан тариа” л нэмсэн хэвээр гэх мэтчилэн…
Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан гурилын шууд худалдаагаар үйлдвэрүүд гурилаа үйлдвэрийнх нь үнээр борлуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч “Улаанбаатар” үйлдвэр гурилаа гэрээт борлуулагчдаараа дамжуулан худалдаалж байна. Гэрээт борлуулагчид нь тээврийн зардал, ажлын хөлсөө шингээгээд зарахаар үнэ тодорхой хэмжээгээр өссөн дүнтэй гарч байна. Өөрөөр хэлбэл савлагааныхаа хэмжээнээс хамаараад гурилын үнэ 480-550 төгрөгт хэлбэлзэж байна. Их хэмжээгээр буюу 25-50 кг-ын шуудайгаар гурил авбал кг-ыг нь 480 төгрөг, харин 10 кг-ын гурилыг 5200 төгрөгөөр зарж байна. Харин таван кг-ын савлагаатай гурил 2700 төгрөг байгаа нь нэг кг гурилыг 540 төгрөгөөр зарж байгаа хэрэг юм. Харин цаасан ууттай 2 кг-ын гурил кг нь 550 төгрөгийн үнэтэй. Нэмж хэлэхэд шууд худалдаанд “Улаанбаатар” үйлдвэрийнхэн зөвхөн I зэрэглэлийн гурилаа гаргасан байна лээ. Тэгсэн хэрнээ авъя гэсэн хэмжээгээр нь өгөхгүй. Нэг хүнд нэг уут гурил өгнө гэх нь 1990-ээд оны картын барааны үе шиг. Нэг авсан хүн дахин дугаарлаж болзошгүй хэмээн болгоомжилж хорооны ажилтанг ажиглагчаар зогсоосон харагдана.
Хэдийгээр хотын төвийн зургаан дүүрэг ийм худалдааг зохион байгуулж байгаа ч нийслэлийн бүх иргэдэд хүрсэн арга хэмжээ болж чадахгүй нь илэрхий. “Ботаник”-т амьдардаг айл Шархадны эцэс, эсвэл Дарь-Эхийн эцсийн буудалд очиж гурил авах уу. Долоон буудлын Долгор эмээ хаанаас 480 төгрөгийн үнэтэй гурил худалдаж авах вэ?
Б.БЯМБАА