Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газраас ирсэн 412 хурдан шүдлэн бүртгүүлснээс гарааны зурхайгаас 233 үрээ эргэсэн. Сэрвээний өндөр зэргээс шалтгаалж 179 нь хасагдсан юм. Тус насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд түрүү магнайд ирсэн юм.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан:
-Өнөөдөр миний халзан үрээ наадамчин олноо баясгаж улсын баяр наадмыг өнгөлсөнд сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил зүүн бүсийн уралдаанд зургаалсан энэ жил ийнхүү тэргүүлж байгаад баяртай байна. Маргааш халзан азарга мөн уралдана. Улсын их баяр наадмаар өнгөтэй уралдана гэж итгэж байгаа. Монголын нийт ард түмэнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын мэнд хүргэе.
Энэ жил мөн Өвөрхангай аймаг 90 жилийн ойгоос гадна бүсийн уралдааныг зохион байгуулна. Тиймээс хур буусан сайхан жил болж байна.
Монгол Улсын алдарт уяач Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Б.Баярдорж:
-Улсын их баяр наадмаар шүдлэн үрээгээ ахин айрагдууллаа. Энэ үрээ бол манай охины үрээ. Дөрвөн удаа шүдлэн үрээ улсын их баяр наадамд айрагдуулж байгаадаа сэтгэл их өег байна. Нийт наадамчин олондоо баярын мэнд хүргэж, хотол олноороо сайхан наадахыг хүсье.
Холбоотой мэдээ