Үндэсний сурын харваанд 540 хүн цэц мэргэнээ сорьж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.10-нд нийтлэгдсэн

Үндэсний сурын харваанд 540 хүн цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний сурын харваанд 540 хүн цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2022.07.10/ эхэллээ.

Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 шигшмэл харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагийн дунд Дархан мэргэн гурав, Даяар дуурсах мэргэн хоёр, Даян мэргэн зургаа, Улсын мэргэн 18 байна.

Сурын харвааг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Нүүдэлчин түмний өв соёл, үүх түүх, өндөр төрийн ёс уламжлал, билиг чадварын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын сурын харваа бол үндэстний батлан хамгаалахын язгуур угсаа, ертөнцийн түүхийг бичилцсэн их өвөг дээдсийн минь суу алдрын алтан цулбуур билээ. Хүннүгийн үеийн “хүчит хар нум”-аас эхлээд Монголын түүх шастир, их хөлгөн туульсаар өртөөлж, өнөө цагт соёл уламжлалын олон салаа угсаагаар урианхай, халх, буриад харвааны төрлүүд эрчлэн хөгжиж байна. Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг.

Монгол нутаг дахь нум сумны үүсэл хөгжил 40 гаруй мянган жилийн өмнөөс улбаатай бөгөөд нум сум анхлан үүсэж хөгжсөн түүхээрээ Монгол Улс өдгөө дэлхийд гуравт бичигдэж байгааг эрдэмтэн судлаачид нотлон өгүүлж байна.

Орчин цагт Монголын уламжлалт харвааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон мянган хүний хүчин чармайлт, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл үнэлж баршгүй ач тустай билээ. Монгол ахуй соёлын дархлаагаа өвлөн тээж, хичээллэж, уламжлуулж ирсэн азай буурлууд, ахмад үеийнхэн, идэр залуус, хүүхэд багачуудын маань үүрэг оролцоо, гавьяа зүтгэл ч нөр их юм.

Ардын хувьсгалаас хойших улсын баяр наадмын он жилүүдэд Дархан мэргэн тав, Даяар дуурсах мэргэн дөрөв, Даян мэргэн 12 төрсөн бол Улсын мэргэн 52 төрсөн байна.

Мөн тэрбээр өндөр үүдээ нээж буй өргөн түмний минь их баяр цэнгэлийн манлай болсон цэц мэргэний шалгуур, онч занги сорьсон Монгол сурын талбарт харваачдын минь сум мэргэн, нум чивчиргэн байхын ерөөл дэвшүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж