
дэл хэмээх газарт жонш олборлодог хятад компанийн ажилчид, нутгийн
иргэдийн хооронд маргаан дэгдсэний улмаас багахан хэмжээний мөргөлдөөн
боллоо. Мөргөлдөөний үеэр цэл залуухан С гэгч залуу хорвоог орхиж, хэд
хэдэн хүн хүнд хөнгөн гэмтэл авчээ. Хамгийн харамсалтай нь эл хэргийг
үйлдсэн гэх хятад ажилчид хэргээс мултран гарахын тулд ганцхан хүн
талийгаачийг машинаараа дайрсан хэмээн мэдүүлсэн юм. Мөргөлдөөн
үүсгэсэн компанийн нэр “Эжун-мен”. Захирал нь болох Пан Хиан Юн гэгч
Улаанбаатар хотод оршин суудаг, компани нь ч нийслэлийн Баянзүрх дүүрэгт
бүртгэлтэй юм байна. Харин мөргөлдөөн гарах үед Жан гэгч бас нэгэн
захирал нь уурхайг удирдаж байжээ.
2010.7.22 Пүрэв гариг. Увс аймгийн Өмнөговь сум, Тариалан сумын зааг
нутаг Орлог голын эхэнд Хятадын “Жи Си Си Айр” компани болон хувиараа
алт олборлогч иргэдийн дунд мөргөлдөөн гарав. Хятадын алт олборлогч
компанийн үйл ажиллагааг эсэргүүцэхээр цугласан нутгийн 200 гаруй иргэд,
компанийн хамгаалалтын албаны ажилтнуудтай сөргөлдөж, хоёр цаг орчим
чулуу нүүлгэлцсэний дараа буу шийдэмдээ тулжээ. Азаар хүний амь нас
эрсдээгүй ч хэргийн улмаас 20 гаруй хүнийг баривчлан байцаажээ. Үймээн
самууны улмаас нутгийн зарим эрчүүд уул руу зугтан нуугдахад хүрсэн
байна.
2010.8.11 Лхагва гариг. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг Элстийн ам
гэдэг газарт нутгийн иргэд болон гар аргаар алт олборлохоор очсон
хүмүүсийн дунд мөргөлдөөн гарч хүний амь нас эрсдлээ. Тус сумын малчид
бэлчээр нутгаа хамгаалан алт олборлохоор очсон 100 гаруй “нинжа”-г
нутгаасаа хөөснөөс үүдэн үймээн дэгджээ. Цаг гаруйн хугацаанд
үргэлжилсэн үймээн буу шийдэм, зодоон цохиондоо хүрч, 30 настай Т гэгч
залуу амь насаа алдлаа.
Сүүлийн дөрөвхөн сарын дотор дуулиан шуугиан тарьж, олны анхаарлыг
татсан үйл явдлыг тоймлон харахад бүгд уул уурхайн олборлолт болоод
газар нутгийн төлөөх тэмцлээс үүдэлтэй байх юм. Хүмүүнд тэр дундаа
монголчуудад унасан газар, угаасан ус гэдэг бүхнээс эрхэм гэдгийг дээрх
бүх үйл явдал харуулна. Төрж өссөн газар нутгаа өмгөөлөн тэмцэх язгуур
чанар өвгөдөөс улбаатайг ч мөн нотолно.
Ялангуяа хятад хүнээр газар нутгаа сэндийчүүлэхийг ямар ч ял
шийтгэлээс илүүд үздэг нь монгол цусных. Мянга мянган жилээр айл хөрш
нутаглаж ирсэн ч амь нэгтэй яваагүй, амь бүү хэл санаа нэг байж
чаддаггүй саахалтын тоонд манай хоёр улс орсоор ирсэн нь ч мөргөлдөөн
сөргөлдөөнд хүргэсэн гол шалтгаан байж болзошгүй юм. Эх нутгаа өмгөөлөх
тэмцлийн эхлэл нь энэ жилийн үймээн мөргөлдөөнүүд байгаагүй юм. Харин
өрнөл нь, даравч дардайж, булавч бултайж байгаа илрэл нь гэж хэлж
болохоор байна. Эдгээр тэмцэл мөргөлдөөн 2008 оны УИХ-ын сонгуулийн
дараа долдугаар сарын 1-ний өдөр нийслэл хотод болсон үймээн самуунтай
зүйрлэж болох юм. Тэр үед залуус өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлийнхээ
төлөө боссон бол энэ удаад бурханаас ч хүртэл харамлах дээдсийн
зарлигтай нутаг орныхоо төлөө, эцэг өвгөдөөс зөвхөн монгол хүнд л
өвлүүлэн үлдээсэн үнэт эрдэнэ болох газрын төлөөх тэмцэл байлаа.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрийн 93,3 хувь нь гадны
компаниудын мэдэлд хэдийнээ орсон. Үүнээс болж нутгийн иргэд болон
гадаадын компаниудын хооронд тэмцэл мөргөлдөөн нэг бус удаа гарч байсан
бөгөөд хамгийн ноцтой нь дөрөвдүгээр сарын үйл явдал болжээ. Ганцхан
сумын алга дарамхан нутагт ашиглалтын 28, хайгуулын 78 лиценз өгч, малын
бэлчээргүй болтол нь сэндийчжээ. Хэдийгээр хэрэг гарсан шалтгаан тун
хөгийн, ердөө л нэг гал асуусан төдий ч угтаа бол “Манай компанийн
олборлолтын талбайд машинаа зогсоолоо” гэсэн үг нутгийн иргэдийн
сэтгэлийн мухар дахь уур омог, бухимдал гомдолд нь цахиур цохьсон явдал
байсан юм. Хятадууд харин аюултай амь нэгтэй улс гэдэг нь энэ хэргийн
үеэр харагдсан. Хэд хэдэн хүн нийлж үймээнд оролцчихоод эцэст нь нэг нь
хэргийг үүрч, талийгаач залууг хэд хэдэн удаа машинаар дайрчихаад
“Айсандаа аргагүй хамгаалалт хийсэн” хэмээн булзааруулсан байдаг. Харин
монголчууд элэг нэгтнүүддээ хэрхэн хатуурхдагаа харуулсан гэж болно.
Увс аймгийн Өмнөговь суманд гарсан үймээн самуун ч эх нутгаа харамлан
тэмцсэн эгэл малчдын буруу болоод өнгөрөх шинжтэй байна. Тус аймгийн
цагдаагийн газрын дарга “ Ер нь Өмнөговь сумын иргэдээс л болж энэ
байдал үүссэн гэж хэлж болно. “Жи Си Си-Айр” компанийн үйл ажиллагаа
хэвийн явагдаж байсан. Элдэв зөрчил дутагдал байхгүй. Манай ажилтнууд ч
сайн ажиллаж, хууль дүрмийн дагуу холбогдох хүмүүсийг барьсан байгаа”
хэмээн хэнэг ч үгүй өгүүлсэн байх юм.
Үймээн гарсан өдөр нутгийн 300 орчим иргэн хоёр “Зил-130”, 11 ширхэг УАЗ
469 машин, 20 гаруй мотоцикльтойгоор тэр алтны ком¬пани дээр хүрч очсон
байна. Тэднийг цагдаагийн ажилтан “нинжа нар” гэж нэрлэсэн төдийгүй
очсон шалтгааныг ч “Ерөөсөө л тэнд алт их гарч байна. Тэднийг хөөж
явуулаад өөрсдөө ажиллана гэсэн зорилготойгоор очсон юм шиг байна лээ”
гэж тайлбарлажээ. Албан ёсны зөвшөөрөл авсан газрыг айлган сүрдүүлээд
гаргачихна гэх хүүхдийн гэнэн бодол 300 орчим хүнд нэг зэрэг төрөх нь юу
л бол. Үймээн шуугианыг намжаах хүсэлтийг “Жи Си Си Айр” компаниас
хүссэний дагуу дагуу манай цагдаа нар мөн ч түргэн хүрч, газар дээр нь.
Аймгаасаа 180 км-т орших эл суманд Увсын цагдаа нар хоёр цагийн дотор
багтаад хүрсэн байхад Айраг сумын цагдаа нар 30 км-ийн зайтай газарт цаг
гаруйн дараа хүрсэн байх юм. Тухайн байгууллагад албан ёсоор ажиллаж,
цалин цагааг нь хүртэж буй хамгаалалтын ажилтнуудыг компанийн талд
ажиллахыг нь уучилж болох юм. Харин Монголын төрөөс, татвар төлөгч
жирийн иргэдийн хөдөлмөрөөр цалинжиж буй тангараг өргөсөн цагдаагийн
ажилтнуудын хувьд хэн нэгний нь талд илт үйлчлэх нь эргэлзээ
гайхашрал төдийгүй уур бухимдлыг төрүүлэх нь зүй. Төрж өссөн нутгийг нь
хайр гамгүй сэндийчиж, алт эрдэнэсийг нь аваад зогсохгүй хашаа хатган
өмчирхөж, монгол хүнийг малтай нь хамт гишгүүлэхгүй гадуурхаж
байгаагаас л иргэд ийн буу шийдэмдээ тулаад байна бус уу.
Орон нутгийнхан зөвхөн хятад хүмүүсийг үзэн ядсандаа, эсвэл хэн нэгэнтэй
мөчөөрхөх гэсэндээ аагаа багтааж ядсан уу гэдгийг үгүйсгэх нэгэн жишээ
нь арав гаруйхан хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Дарви суманд гарсан
хэрэг. Тэнд монголчууд хятадуудтай бус өөр зуураа тэмцэлдсэн юм. Дарви
сумын гуравдугаар багийн нутаг Сүүтийн цахир, Улаан хуруу гэдэг газарт
гар аргаар алт олборлогчид газар ухаж эхэлсэн талаар хэрэг явдал
гарахаас хэд хоногийн өмнөөс нутгийн иргэд сумынхаа Засаг даргын Тамгын
газарт мэдээлж байжээ. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга,
байгаль орчны байцаагч, газрын даамал, халамжийн байцаагч нарын
бүрэлдэхүүн уг газар очиж, дөрвөн машинтай 20 орчим хүнд яриа таниулга
хийснээр тэдгээр иргэд уг газраас явсан гэнэ. Гэтэл наймдугаар сарын
11-нд Элстийн аманд арваад машин, найман мотоцикльтэй гар аргаар алт
олборлогчид очиж газар ухаж эхэлснээр нутгийн иргэдтэй зөрчилдсөн байна.
Чулуу мод шидэлцэж эхэлсэн мөргөлдөөн галт зэвсэгт хүрснээр 30 настай Т
гэгч залуу амь насаа алдсан байна. Ахтайгаа сундалдан уг газарт очсон
хөөрхий залуу амь насаа алдчихна гэж санаагүй нь ойлгомжтой. Өдгөө ч
нутаг усаа өмгөөлөх тэмцэлд цэг тавьчихаагүй байна. Одоогийн байдлаар
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Төвхөн хийдийн орчимд Гацуурт
компани олборлолт хийх А лиценз авсныг нутгийн иргэд эсэргүүцэж,
хийдийн лам нар эксковаторын шанаган дор хэвтэн байж ажлыг нь
зогсоогоод байгаа тухай мэдээ байна.
Энэ мэтчилэн тоочвол тун ч олон түүх хөвөрнө. Хөвсгөлийн тайгад хүртэл
“нинжа” нарын урт гар хүрснээс нутгийн иргэд, гар аргаар алт олборлогчид
олон хоногийн турш сөргөлдөж байсан. Баянхонгорт 70 шахсан эмгэн
төрсөн бууриа сэндийчүүлэхгүй гэхдээ дүн өвлөөр буу тэврэн хонож буй
тухай яриа гарсан ч хууль хяналт, төр засгийнхнаас хэрэгсэж үзсэн хүн
үгүй. Төв аймгийн Заамар сумын иргэдийн хувьд “Энэ миний төрсөн өвөлжөө,
энэ аавын минь хаваржаа” гээд заачих газар нэгээхэн ч үгүй. Тэнд
орвонгоороо эргэсэн хөрс шороо л үлдсэн. Энэ гашуун түүхийг өөрийн нутаг
орондоо давтахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Чухам ийм л сэтгэлээр иргэд
бухимдал гомдлоо гаргаж байна. Үүнийг нь харин манай төрийнхөн
зохицуулах нэрээр зоригийг нь мохоож эхэллээ. Хүссэн бүхэнд ашиглалтын
болоод хайгуулын зөвшөөрөл өгөөд байгаа эрхтэн дархтанууд буруугүй,
төрийн нэрийн доор мөнгө үнэртүүлсэн харийнханд үйлчилсэн хууль,
хяналтынхан буруугүй, нутгаа өмгөөлсөн иргэд л буруутай гэнэ. “Энд нэг л
юм буруу байна” хэмээн хоолойгооо сөөтөл хашгирах “Алтан ураг”
хамтлагийнхны дуу эрхгүй санаанд орж ирээд гарах биш. Үнэхээр энд нэг л
юм буруу байна.
Д.Цээпил