"Playtime бидний хайрын түүх"

Хуучирсан мэдээ: 2022.07.10-нд нийтлэгдсэн

"Playtime бидний хайрын түүх"

"Playtime бидний хайрын түүх"

Намуухан хөгжмийн аянд найган бүжиглэнгээ хүүхдээ бүүвэйлнэ. Бяцхан үр нь нойрмоглож, дэргэдэх нөхөр нь хөнжил нөмөрнө. Амьд хөгжмийн аялгуунд унтаж буй үрээ үнэрлэж, хязгааргүй аз жаргалыг мэдрэх хос залуус. Тэднийг Э.Бат-Эрдэнэ, Н.Тэргэл гэдэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Playtime” наадмын үеэр танилцаж, бие биедээ дурласан хос.

Тэд одоо хөөрхөн хүүтэй болж, дөрөв дэх жилийнхээ ойгоо тэмдэглэж яваа нь энэ. Тийм учраас энэ гэр бүлийн хувьд “Playtime” маш чухал. Цаашдаа ч жил болгон хамтдаа зорин ирэх болно гэдгээ хэлж байв.

Э.Бат- Эрдэнэ “Анх “Playtime” наадамд оролцсоноос хойш 10 дахь жилдээ ирж байна. Өмнө нь хос залуусыг хараад их сайхан санагддаг байсан бол энэ жил гэр бүлээрээ оролцож байгаадаа баяртай байна. Наадам маань хоёр жил өнжсөн учраас маш их хүлээж, догдолж хүлээлээ. Анх амьд хөгжмийн фестиваль гэж зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд урсгал жанрт баригдахгүй, олон хоногоор байрлаж, сонсох дуртай дуу хөгжмөө сонсох боломжтой цор ганц наадам” хэмээн яриандаа онцоллоо.

Тэдэн шиг залуу хос “Playtime”-д цөөнгүй ирсэн байлаа. Бусад хосууд ч мөн адил өөр өөрсдийн хайрын түүхтэй, хөгжмийн ертөнцтэй, бусдад хайрыг түгээнэ.

Энэ жил "Playtime" наадам дөрөв хоногийн турш “Монгол шилтгээн”-нд 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэж буй.

“Playtime” наадам хөгжмийн гэлтгүй орчин цагийн залуусын хувцаслалт, загварын чиг хандлагыг тодорхойлдог гэдгийг хүмүүс мэднэ. Өмнөх жилүүдэд залуус амьд хөгжмийн наадам гэдэг утгаараа рок стиль имиж бүрдүүлдэг байсан бол жил ирэх тусам илүү энгийн хийгээд этгээд хувцаслалтууд “ноёлох” аж. Зарим залуус наадамд ирэхийн тулд хэдэн сараар бэлдэж, өөрийн гараар хувцсаа урласан гэдгээ хэлж байв.

Э.Ану, М.Энхтуул хоёр үеэлүүд. Тэдний хувьд анх удаагаа наадамд ирж байгаа аж. Бусдаас содон имиж бүрдүүлэхийг хичээж, дөрвөн өөр загварын хувцас бэлдэж ирсэн тухайгаа хэлсэн юм. Тэрбээр “Миний хувьд “Firestage” болон гол тайз сонирхолтой санагдсан” тухайгаа хэллээ.

Харин Б.Ундармаа “Наадамд оролцохоор гурван сарын өмнөөс төлөвлөж, бэлдсэн. Миний хувьд сонсох дуртай хамтлаг, дуучныхаа дууг сонсох учраас биед эвтэйхэн хувцас сонгож ирсэн. Өөрөө даашинзаа оёж, ээмэг болон зүүлтээ хийсэн” гэв.

Наадмын тасалбарын хувьд залууст бус баячуудад зориулсан үнэтэй гэх шүүмжлэлийг дагуулсан. Харин залуусын хувьд олон улсын жишгийг дагаж, үнээ нэмсэн нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Э.Номин “Миний хувьд анх удаагаа “Playtime” наадмыг зорин ирж байна. Би энэ жил 18 нас хүрч, эцэг эхээсээ зөвшөөрөл авч наадамд оролцож байгаа. Цар тахал гээд хоёр жил өнжиж энэ жил 20 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Цар агаартаа тохируулж, энгийн хувцсаа сонгосон” гэсэн юм.

Тэртээ 2003 оноос хойш хөгжмийн утас хөвөрч, 2022 онтой золгожээ. Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадмын түүх. Залуус хүсэн хүлээсэн наадамдаа оролцож, өөр өөрсдийн дурсамжийг бүтээж байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж