Сүхбаатарын талбайд "Дээлтэй монгол" наадам 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын хамгийн гол үйл ажиллагаа нь үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал бөгөөд есөн дүүрэг, хороодын иргэд, гадаад иргэд монголын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлээр гоёж оролцдог уламжлалтай. Энэ жил зургаан аймгаас иргэд зорьж ирэн оролцож байгаагаараа онцлог байлаа.
Сонгинохайрхан дүүргийн хувьд 341 мянга гаруй иргэнтэй бөгөөд 43 хорооны төлөөлөл болсон 1700 гаруй иргэд энэхүү парадад Монгол үндэстэн, ястнуудын уламжлал шингээсэн хувцсаар гоёж оролцсон юм.
Мөн Сүхбаатарын талбайд Монгол уламжлалт гэрийг тохижуулан үзэсгэлэн гаргаж, сур, шагайн харваа, өв уламжлал ёс заншлыг иргэд олон нийтэд сурталчлан таниуллаа. Наадмын үеэр загварын үзүүлбэр, ардын болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолт болж, шилдгийн шилдэг номинациудыг шалгаруулаг уламжлалтай.
Нийслэлийн есөн дүүргээс шалгаруулдаг “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацид Сонгинохайрхан дүүрэг шалгарсан баяртай мэдээг дуулгая. Дээлтэй монгол наадамд оролцсон дүүргийнхээ бүх иргэддээ халуун баяр хүргэе.
Холбоотой мэдээ