Монгол нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”-ыг 2022 оны долдугаар сарын 11-12, Уяачдын наадмыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
Энэ жилийн “Соёлын наадам”-ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн утга санаан дор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой.
Тухайлбал, “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолт, “Их гэр” зан үйл-уран сайхны тоглолт, “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт, “Боржигон соёлын гэр”, “Баруун Монгол гэр”, “Казах үндэсний гэр”, “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Нүүр будалт ба хөрөг зураг”, “Уран бичлэг”, “Эсгий урлал”, “Монгол угсаатны хувцас”, “Улаан гэр” бүтээлч өртөө, “Нум сумын харваа”, “Хөхүүрийн айраг”, “Зэв” дижитал музей, “Салхин ариусал” өрөг урлал зэрэг оролцоот өртөөнүүд болон “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах, “Морьтны гайхамшиг” шоу үзэх зэрэг хөтөлбөрүүдтэй зохион байгуулна.
Дээрх зан үйл, уран сайхны үзүүлбэр, өртөө зэргээр наадамчид саатахдаа үзэгч төдий биш, оролцогч болж өөрийн биеэр мэдэрч суралцахаас гадна, “Мөнгөн мод-2021”-ийн шилдэг уран бүтээл “Босоо цагаан гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийн хэсгээс үзэж мэлмийгээ баясгах боломжтой.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ