Абэ Шинзо гэж хэн байв?

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Абэ Шинзо гэж хэн байв?

Абэ Шинзо гэж хэн байв?

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо өчигдөр  баруун хэсэгт орших Нара хотод халдлагад өртөж нас барсан. Түүний цогцсыг өнөөдөр Токио хот дахь гэрт нь авчирсан байна. Түүний цогцсыг автомашины цуваагаар тээвэрлэн авчирсан бөгөөд Либерал Ардчилсан намын гишүүд гашуудлын хар хувцас өмсч, эгнэн зогсч угтжээ.  Абэ Шинзод зориулан өнөө орой Токио хотноо гэрэлт зул асаах бол оршуулах ёслол маргааш болох аж.

Абэг нас барсны дараа олон нийтийн сүлжээнд иргэд "Бид хүчирхийлэл биш ардчиллыг хүсч байна" гэх хаштагийг ашиглан хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Түүнийг нас барсанд дэлхийн улс төрийн удирдагч нар эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, "Абэг мэддэг бүх хүний хувьд эмгэнэлт үйл явдал боллоо" гэж мэдэгджээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Японы засгийн газрыг хамгийн удаан удирдсан ерөнхий сайдаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Абэ Шинзо өдрийн 11:30 цагийн орчимд  Нара хотын гудамжинд буудуулсан юм. Абэ Шинзо удахгүй болох Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд оролцож байв. Түргэн тусламж ирэх үед  ухаантай байсан боловч их хэмжээний цус алдсанаас болж ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Харамсалтай нь тэрээр өчигдөр орой 17:03 цагт 67 насандаа таалал төгссөн. Эмч нарын мэдээлснээр сум зүрхэн тус газар нь нэвт орсноор их хэмжээний цус алдсан аж. Эмч нар цус алдалтыг зогсоох мэс ажилбар хийхийн хажуугаар цус сэлбэж байсан ч харамсалтай нь тэр амьд гарч чадаагүй.

Абэ Шинзо улс төрийн элит гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Абэ Кан болон түүний эцэг Абэ Шинтаро нар хоёулаа улс төрч байсан. Түүний элэнц өвөө нь Японы эзэн хааны армид алба хааж байжээ. Абегийн ээж Ёко Киши нь бас Японы ерөнхий сайд асан Нобусуке Кишийн (1957-1960) охин юм.

Абэ Шинзо 1977 онд Сейкей Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны баклавр зэрэгтэй төгссөн. Үүний дараа АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцжээ. Түүний улс төрийн гараа 1982 онд Гадаад харилцааны яам болон Либерал Ардчилсан намын ерөнхий зөвлөлд нарын бичгээр ажиллах болсноор эхэлсэн байв. Үүнээс өмнө тэрбээр “Кобе ган” үйлдвэрт хоёр гурван жил ажилласан аж.

Эхнэр Акиэгийн хамт

Абэ 1987 онд эхнэр Акиэ Мацүзакитай гэрлэсэн бөгөөд тэд хүүхэдгүй. Хосууд гэрлээд эхний хэдэн жилүүдэд үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж, хүүхэдтэй болохыг хичээсэн боловч бүтэлгүйтсэн аж. Абэгийн ах Абэ Хиронобу нь Мицүбүши Шожи савалгааны корпорацийн ерөнхийлөгч бол эрэгтэй дүү Киши Нобуо нь Гадаад хэргийн яаманд ажилладаг.

Абэ Шинзо 2006 онд Японы хамгийн залуу ерөнхий сайдаар сонгогдсон боловч жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон юм. Тухайн үед тэрбээр 52 настай байв. Абэ 2012 онд Батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишибаг намын даргын сонгуульд ялснаар улс төрд эргэн иржээ. Улмаар сонгуульд түүний Либерал Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхий сайдын суудалдаа эргэн ирсэн. Японы парламент 2020 оны есдүгээр сарын 16-нд ерөнхий сайд Абэ Шинзогийн суудлаасаа буух өргөдлийг хүлээн авснаар огцорсон. Японы Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард огцорч буйгаа зарласан юм.

Түүнийг төрийн эрхэнд байх хугацаанд Японы ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилд байгаагүй доод  түвшинд хүрч, эдийн засаг 12 хувиар өсөн, хүчирхэгжиж чаджээ.

Абэ АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг чухалчилдаг байсан бөгөөд үүнийг Японы аюулгүй байдлын  баталгаа гэж үздэг байв. Нөгөө талдаа Хятадтай харилцаагаа чангалах ёстой гэдгээ нуудаггүй байсан. Дотоод бодлогодоо Абэ  дайны дараах Японы Энх тайванч  Үндсэн хуулийг хуучирсан гээд шинэчлэхийг эрмэлздэг байсан. Тэрбээр Японд өрийн армитай байхыг зөвшөөрдөггүй Үндсэн хуулийн заалтыг  өөрчилж, НҮБ-ын мандаттай энхийн ажиллагаанд цэргээ илгээх амбицтай. Тиймдээ ч Үндсэн хуулийг өөрчилснөөс болж олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулсан. Учир нь түүнийг буудаж хөнөөсөн гэмт этгээд нь 41 настай  Ямагами Тэцүяа нь Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгч нэгэн байсан гэж таамаглаж байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Абэгийн залгамжлагчаар Ёшихидэ Сүгаг сонгогдож, Либерал Ардчилсан намын тэргүүн болсон. Тэрбээр Абэ Шинзог 2006 онд хамгийн залуу Японы Ерөнхий сайд болсноос нь хойш дэргэд нь хамгийн удаан баруун гар нь болж ажилласан нэгэн.

Абэ Шинзо Монгол Улсад гурван удаа айлчилсан. Сүүлд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон. Энэхүү айлчлал нь Абэгийн хувьд Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал байсан бол 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болсон. Мөн энэ нь түүний Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсан ес дэх уулзалт байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХарамсалтайХарамсалтай
14
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж