УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт тавьжээ. Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дарга Ц.Нямдорж болон түүний хүү, Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нартай холбоотойгоор хүсэлт гаргасан аж. Тодруулбал, хүү Н.Анхбаяр нь төрсөн эцэг Ц.Нямдоржийн өмнө төрийн ажлыг хариуцаж, эцэг нь хүүгээ төрийн ажлын удирдлагаар хангаж, хяналт тавьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуулийг зөрчиж байгаа тул зөрчлийг нэн даруй арилгахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн аж.
Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн Лхагва гаригт 2022.07.06/ хаврын чуулган хаах үеэр Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг шүүмжилсэн.
Тэрбээр “Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж буй хуулийг зөрчиж байгаа шүү” гэж уурссан. Түүнчлэн “Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчихээд таван жилд төрд ажиллахаар цайруулчихдаг журамтай гэнэ.
Ямар сайхан юм. Бүх залуус өөр шиг чинь болмоор байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох хуулийн зохицуулалттай. Ёс зүйн доголдолтой хууль дээдэлдэггүй алба хаагчийг татан буулгах хэрэгтэй” гэж хатуухан шүүмжилсэн юм.
Харин Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хариуд нь Т.Аюурсайханаас ирсэн мессежийг сошиалд дэлгэсэн. Үүнийгээ томилгооны асуудал хэлэлцэж, нааштай хариу өгөөгүй тул Т.Аюурсайхан гишүүн чуулган дээр бухимдлаа илэрхийлсэн гэж тайлбарласан.
Холбоотой мэдээ