Монголчуудын тогтоосон геннисийн амжилтууд

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Монголчуудын тогтоосон геннисийн амжилтууд

Монголчуудын тогтоосон геннисийн амжилтууд

Геннисийн амжилт гэдэг нь дэлхийн хамгийн шилдэг амжилтуудыг бүртгэж авдаг баримт бичиг. Геннисийн амжилтыг эзэмшихэд тоолж болохуйц, бусад хүмүүс эвдэж болохуйц, стандарт хангасан, баталгаажуулах боломжтой, дэлхийд хамгийн шилдэг нь байх ёстой гэсэн шаардлагууд тавигддаг. Тус номонд дэлхийн хамгийн намхан хүн, дэлхийн хамгийн өндөр хүн, дэлхийн хамгийн урт хумстай хүн, дэлхийн хамгийн жижигхэн нохой гэх мэт олон төрлийн сонирхолтой амжилтууд бүртгэгдсэн байдаг.

Энэ удаад Монгол Улсын тогтоосон амжилтын талаар онцлохоор шийдлээ. Монголчууд хэдийнэ дараагийн геннисийн амжилтыг тогтоохоор зорьж буй. Тодруулбал, “Shambala2056 төсөл болон ЦойлогсоZ”-ын залуус хамтран Дорноговь аймагт 60 мянган мод тарьж дэлхийн хамгийн том “Газрын уран зураг”-ийг бүтээх явц 70 хувийн амжилттай үргэлжилж байна.

  1. 438 шатар бүтээсэн уран бүтээлч

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үүсгэн байгуулсан Оюун ухааны олон улсын музей нь дэлхийн хамгийн олон шатартай музейгээр шалгарч Геннисийн номонд бичигджээ. Тэрээр тус музейг 1988 онд байгуулсан ба өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. З.Түмэн-Өлзий нь сүүлийн 55 жилийн турш шатрыг Монголоос гаралтай гэдгийг батлахын тулд төрөл бүрээр нь урлаж цуглуулжээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар тэрбээр нийт 438 төрлийн шатар урласан. Ийнхүү дэлхийн хамгийн олон шатар бүтээж цуглуулсан анхны хүнээр шалгарсан байна. Түүний урласан шатар нь хус, хар модны үндэс, яс, чулуу, үхрийн эвэр, гууль, хүрэл, зэс, мөнгө, алт гэх мэт янз бүрийн материалаар хийгдсэн эрс тэс ялгаатай шатрууд байдаг ажээ.

  1. 6002 бөхийн барилдаан

2011 онд Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг зохион байгуулсан.

Анх 4096 бөх барилдуудахаар төлөвлөсөн боловч барилдаанд бүртгүүлсэн бөхийн тоо 6000 давсан. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 бөхийн барилдааныг хийсэн байна. Тодруулбал, тус тэмцээн нь 2011 оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийж 13 даваатайгаар ес хоног зохион байгуулагджээ. Улаанбаатар хотод бөхийн барилдаанд оролцохоор ирсэн зарим бөх 1700 км гаруй замыг туулж ирсэн байна. Тус бөхийн барилдаанд 21 аймгийн 325 сумаас 18-80 насны бөхчүүд барилдаж, Улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн бол Улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байдаг.

Геннисийн номонд бүртгүүлэх том зорилго амжилттай биелж 6002 бөх оролцсон бөхийн барилдааныг "хамгийн олон бөх зодоглосон бөхийн барилдаан" хэмээн албан ёсоор бүртгэж баталгаажуулжээ.

  1. 1108 тэмээний уралдаан

2016 онд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас малын тоо толгойг нэмэгдүүлэх санаачилгаар хамгийн олон тэмээний уралдааныг зохион байгуулжээ. Энэхүү тэмээний уралдаанд 1108 тэмээ оролцсон бөгөөд 15 км гаруй замыг туулсан юм. Тэмцээний түрүү авсан тэмээ нь 35 минут 12 секундэд барианд орсон аж. Тэмцээн 1 цаг 8 минут үргэлжилжээ.

Геннисийн дээд амжилтын шүүгч Правин Пател энэхүү оролдлогыг баталгаажуулахын тулд тэмцээнийг өөрийн биеэр үзэж албан ёсны гэрчилгээг зохион байгуулагч нарт гардуулсан байдаг. Нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын жанжин багийн иргэн шалгарсан бол хоёрдугаар байранд мөн тус сумын иргэн шалгарч байв. Өмнө нь Өвөрмонголд 555 тэмээ оролцсон тэмээний уралдаан болсон байв.

  1. Хамгийн сийрэг хүн амтай улс

Монгол Улсын газар нутгийн км.кв тутамд хоёр хүн ногддог учраас дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс гэх геннисийн амжилтыг эзэмшдэг.

Тодруулбал, 2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоо 3 сая 300 мянга гаруй байснаас 100 мянга гаруй нь гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн статистик мэдээ байв. Энэхүү геннисийн амжилт нь 2021 оны долдугаар сард тогтоогдсон бөгөөд тухайн үед Монгол Улс 3,198,913 хүн амтай байсан. Уг амжилтыг тогтоохдоо Монгол Улсын газар нутгийн хэмжээнд буюу 1,553,556 км.кв-ыг тухайн үеийн хүн амын тоонд хувааснаар нэг км.кв тутамд 2 хүн ногдож байна гэсэн үзүүлэлт гарсан юм.

Харин эсрэгээрээ дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай улс нь Макао. Тус улсад нэг км.кв газар нутагт 20 мянган хүн ногдож байжээ.

  1. Хамгийн их агаарын даралттай газар зүйн онцлог

Агаарын даралт тогтмол хэлбэлзэж байдаг учраас энэ нь түр зуурын тоон үзүүлэлт юм. 2001 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар шөнийн хоёр цагт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд агаарын даралт 1085.6 гэсэн хэмжээнд хүрч дэлхийн рекордыг тогтоосон аж. Тосонцэнгэл хот нь ер бусын хүйтэн агаартайгаараа онцлог. Тухайн үед агаарын температур -40.5 хэмийн хүйтэн байсан юм.

  1. 10 мянган морьтон жагсаал

2013 оны наймдугаар сарын 10-нд монгол морийг Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл явдал болж байжээ. Энэхүү үйл ажиллагааг Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан зохиосон. Жагсаалд нийт 21 аймгийн 365 сумын морьтон нийслэл хотноо ирэн оролцсон юм. Тэдний дунд найман настай балчираас наян настай буурал хүртэлх хүмүүс нас харгалзалгүй морио унасан байв. Зохион байгуулагчдын зүгээс 8,233 морьтон оролцсон гэсэн ч 10 мянган морьтон нэг дор жагссан ажээ. Өглөөнөөс эхэлсэн сүрт жагсаал өдрийн 12:00 цаг гэхэд дөрвөн км хүртэл үргэлжилж гиннесийн албан ёсны шүүгчид гурван цаг гаруй тооллого явуулсны дүнд 11125 морьтон жагссан байжээ.

  1. Жүдо бөхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчин М.Уранцэцэг

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, олон улсын гавьяат тамирчин  М.Уранцэцэг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулагддаг тэмцээнүүдээс 35 дахь медалиа хүртсэн амжилтаараа Геннисийн номонд бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд тэрээр 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль авч энэхүү амжилтыг эзэмшсэн билээ.

  1. Хакухо М.Даваажаргалын бүтээсэн амжилтууд

Японы мэргэжлийн сүмо бөхийн 19 дэх их аварга “Хакухо” М.Даваажаргал нийт таван дээд амжилтыг Геннисийн номонд бүртгүүлсэн байдаг ажээ.

Тухайлбал, тэрээр Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон буюу завсартайгаар 45 удаа түрүүлсэн, дээд зиндаанд 1095 удаа давсан, “Ёкозүна” цолтой хамгийн удаан буюу 84 башё барилдсан,  сүмо бөхийн түүхэнд нийт 1887 удаа давсан, нэг ч уналгүй 16 башё түрүүлсэн гэсэн таван дээд амжилтын гэрчилгээ эзэмшдэг байна. Мөн барилдаж байх үедээ Геннисийн номонд хоёр дээд амжилт нэмж бүртгүүлсэн. Түүний Геннисийн номонд бүртгүүлсэн долоон дээд амжилтын гэрчилгээг Сүмогийн ордны музейд байрлуулах юм.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж