Бид яагаад зүүдэлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

 Бид яагаад зүүдэлдэг вэ?

 Бид яагаад зүүдэлдэг вэ?

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс яагаад зүүд зүүдэлдэг талаарх баттай баримт, нотолгоо олохыг хичээсээр ирсэн. Зүүдийг маш ер бусын зүйл эсвэл ертөнцөөс бидэнд илгээж буй нууцлаг дохио гэх мэтээр бодож түүндээ ч итгэдэг байлаа.

Эртний Грекийн нэгэн домогт зүүдийг тайлбарлахдаа шөнийн бурхан Никс ирж шөнө болгосноор  хотыг харанхуй бүрхэх үед нойрны бурхан Гипнос хүмүүсийг гүн нойронд автуулдаг. Хүмүүс нойрссоны дараа тэдний хүү болох зүүдний бурхан Морфиус ирж зүүдээр аялуулдаг гэж үздэг байжээ. Мөн манай эриний өмнөх 3-р зуунд амьдарч байсан Месопотамын хаад лааны тосон хавтан дээр зүүдээ тэмдэглэн тайлбарладаг байсан нь тун сонирхолтой.

Шинжлэх ухааны олон судалгаа, технологийн дэвшил, яагаад зүүдэлдэг талаар олохыг хичээсэн цөхрөлтгүй оролдлогын үндсэн дээр мөн л баттай хариулт олж чадаагүй ч зүүдний талаарх сонирхолтой онолуудыг эрдэмтэд баталжээ.

ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЗҮҮДЭЛДЭГ

1900-аад оны эхэн үед психоанализын эцэг гэгддэг Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройд “Бүхий л зүүд нь бидний өдөр тутмын амьдралыг харуулдаг ба тэдгээрт бэлгэдлийн утга агуулагдаж байдаг” гэж үзжээ. Түүний тайлбарласнаар, хүний сэрэх үед санаж байгаа зүүд нь далд ухамсрын бодол санаа, хүсэл эрмэлзлийг ямар нэгэн бэлгэ тэмдгээр орлуулан харуулахыг зорьдог ба тэдгээр дүрслэлд анализ хийснээр далд ухамсрын хүслийг нээн илрүүлж, түүнээс үүссэн сэтгэл зүйн асуудлыг шийдэж болно гэж үзэж байв.

САНАХЫН ТУЛД ЗҮҮДЭЛДЭГ

Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд хангалттай нойр авах нь хамгийн тустай. Унтаж байхдаа зүүдэлбэл бүр ч тустай юм. 2010 онд хийсэн “төөрдөг байшин”-ийн туршилтанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваан оролцуулжээ. Ингэхдээ нэгдүгээр бүлгийг хэсэг хугацаанд унтуулж байгаад төөрдөг байшинд оруулсан бол хоёрдугаар бүлгийг шууд төөрдөг байшинд оруулсан байна. Судалгааны үр дүнд түр зуур дуг хийхдээ зүүдэлсэн хүмүүс зүүдлээгүй болон огт унтаагүй хүмүүстэй харьцуулахад даалгаврыг 10 дахин илүү амжилттай гүйцэтгэжээ. Судлаачдын үзэж буйгаар ой тогтоолтын зарим үйл явц нь зөвхөн унтаж байх үед явагддаг ба зүүдлэх нь ой тогтоолтын процесс явагдаж буйн илрэл юм.

ЮМСЫГ ДАХИН СУРАЛЦАХЫН ТУЛД ЗҮҮДЭЛДЭГ

Аюул заналхийллээр дүүрэн аймшигт хар дарсан зүүд зүүдэлж үзээгүй хүн байхгүй биз. Ой модонд баавгайд хөөгдөх эсвэл харанхуй гудамжинд алуурчинтай нүүр тулах гэх мэт айдаст автуулдаг зүүд нь аюулд өртөх үед гаргах ёстой үйлдлийг хурцлахад тусалж бодит амьдралд тохиолдоход бэлтгэж байдаг. Гэвч энэ нь заавал хар дарсан зүүд байх албагүй юм. Тухайлбал сэтгэл татам дурлалт хүний чинь тухай зүүд нөхөн үржихүйн зөн совингийн бэлтгэл ч байж болно.

ШИЙДЭЛ ОЛОХЫН ТУЛД ЗҮҮДЭЛДЭГ

 Сэрүүн байхдаа төсөөлж ч байгаагүй, байж болох бүхий л шийдлийг бид зүүдэндээ олдог байна. Жон стайнбек үүнийг “Зүүдний хороо” гэж нэрлэсэн ба зүүдлэх нь асуудал шийдэхэд тустай болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн алдарт химич Август Кекуле бензол молекулын бүтцийг зүүдэндээ олсон юм.

Г.БҮЖИНХЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж