Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барлаа

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

LiveЯпоны Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барлаа

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барлаа
18 : 05
2022-7-8

Шинзо Абэг буудсан сэжигтний гэрээс тэсрэг бөмбөг олдсон байж болзошгүй гэв

Шинзо Абэг буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Тэцуя Ямагамигийн гэрээс тэсрэх бодис олдсон байж болзошгүй гэж "NHK" мэдээлэв. Хэргийн газраас олдсон буу нь гар хийцийн байсан гэсэн мэдээлэл гарсан байна.

17 : 22
2022-7-8

Сум зүрхэн тус газарт нэвт орсноос үхэлд хүргэжээ

Шинзо Абэ түргэн тусламж ирэх үед ухаантай байсан боловч их хэмжээний цус алдсанаас болж ухаан алдсан байна. Тэрээр 17:03 цагт нас барсан нь батлагдав. Яг одоо Нара их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмч нар энэ талаар мэдээлэл хийж байна.  Сум зүрхэн тус газар нь нэвт оржээ. Эмч нар цус алдалтыг зогсоох мэс ажилбар хийхийн хажуугаар цус сэлбэж байсан аж.

17 : 02
2022-7-8

Абэ Шинзог нас барсан гэж мэдэгдлээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо эмчилгээ хийлгэж байсан эмнэлэгт нас барсан талаар Либерал ардчилсан намын өндөр албан тушаалтан мэдэгдлээ. Тэрээр баасан гаригийн 11:30 цагийн орчимд буюу өнөөдөр Японы баруун хэсэгт орших Нара хотын гудамжинд буудуулсан юм. Абэ Шинзо удахгүй болох Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан ч 67 настайдаа алагдлаа. Мөн NHK суваг нас барсан талаар мэдээлсэн байна. 

Түүнийг 17.03 цагт нас барсан гэж эмнэлгийн ажилтнууд мэдэгдлээ. 

13 : 20
2022-7-8

Абэг буудсан этгээд цэргийн офицер байжээ

12 : 41
2022-7-8

Зүрх, уушигны үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна гэжээ

Токио хотын дарга асан Йоичи Масузэ нөхцөл байдлын талаар твиттертээ бичжээ. Тэрбээр Абэг зүрх, уушигны үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна гэжээ.

Японд нас барсан нь албан ёсоор батлагдахаас өмнө энэ нэр томъёог ихэвчлэн ашигладаг гэж “BBC” хуудас мэдээллээ. Хоёр удаа буун дуу гарсан ч эхнийх нь Абэг оноогүй, хоёр дахь сум нуруун тус газарт нь оносон гэж үзэж байна. Халдлага үйлдэгчийг баривчлахад огт зугтах гэж завдаагүй аж. Гэмт этгээд 41 настай. Японд 2014 онд энэ төрлийн гэмт хэрэг зургаан удаа гарч байсан бөгөөд АНУ-тай харьцуулашгүй бага тоо юм. АНУ-д 2014 онд 33599 удаа буутай халдлага гарчээ.

12 : 18
2022-7-8

Абэг ар талаас нь хийн буугаар буудсан гэж цагдаагийн эх сурвалж мэдэгджээ

Нара хотод аялж явсан Ирландын иргэн Роберт Пауэр нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Хүмүүс сандралдаж, дөрвөн нисдэг тэрэг ирсэн” гэжээ. Японы парламентын дээд танхимын сонгууль долдугаар сарын 10-нд болно. Уг сонгуулийн кампанит ажлаар Абэ Нара хотод үг хэлж байсан юм. Абэг ар талаас нь хийн буугаар буудсан гэж цагдаагийн эх сурвалж мэдэгджээ. Төрийн албыг орхисон ч Абэ Японы хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээрээ байна.

12 : 04
2022-7-8

Орон нутгийн зарим хэвлэл мэдээлэл түүнийг зүрхний дутагдалд орсон гэв

Шинзо Абэ сурталчилгааны ажлаар явж байсан бөгөөд Нарагаас Токио руу явах ёстой байжээ. Гэвч хэргийн улмаас Токио дахь ажил цуцлагдлаа. Абэ галт тэрэгний буудлын гадаа сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд үг хэлж байсан бөгөөд буун дуу сонсогдсоны дараа цагаан утаа гарчээ.

Шинзо Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Орон нутгийн зарим хэвлэл мэдээлэл түүнийг зүрхний дутагдалд орсон гэж мэдээлжээ. Мөн цээжиндээ эсвэл хүзүүндээ буудуулсан гэх мэтээр мэдээлж байна.

11 : 51
2022-7-8

Шинзо Абэгийн амин үзүүлэлтүүд унажээ

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амин үзүүлэлтүүд унасан талаар 11.45 цагт Японы Онцгой байдлын албанаас мэдээллээ. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амиа алдсан гэж мэдээлж байгаа ч албан ёсоор амиа алдсан гэж мэдээлээгүй байна. Сэжигтнийг саатуулсан бөгөөд Тэцүяа Ямагами  гэгч байжээ. Шинзо Абэг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Нара их сургуулийн эмнэлгийн зүгээс Абегийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Photographer: Takashi Yamazaki/The Yomiuri Shimbun
Гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами
11 : 37
2022-7-8

Ерөнхий сайд асан ухаангүй, цээжнээсээ цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ

Уг хэрэг өнөөдөр /2022.07.08/ өглөө орон нутгийн цагаар 11:30-ийн үед буюу Монголын цагаар 10:30-д болжээ. Ерөнхий сайд асан ухаангүй, цээжнээсээ цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр өдгөө 67 настай. Сэжигтэн этгээд залуу юм уу дунд эргэм насны эрэгтэй хүн байсан гэж “NHK”-ийн сурвалжлагч мэдээлэв. Харин Японы “Kyodo news” цахим хуудас түүний зүрх нь зогссон байж магадгүй гэж мэдээлжээ. Япон улс нь буу ашиглах тухай чанга хуультай, энэ төрлийн хэрэг тун ховор гардаг газар юм. Абэгийн илтгэлийн үеэр буун дуу хоёр ч удаа сонсогдсон аж.

11 : 19
2022-7-8

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн тухай “NHK” мэдээллээ. Сэжигтэнг саатуулж, байцааж байгаа аж.

Тодруулбал, Шинзо Абэ Японы Нара хотод үг хэлэх үеэрээ ухаан алдаж унасан байна. Хэрэг болсон газарт “NHK”-ийн сурвалжлагч байсан бөгөөд буун дуу сонссон гэжээ. Тус сурвалжлагч Абэг цус алдаж байхыг харсан байна.

Эх сурвалж: INDIAN EXPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж