Тайванийн Линкоу Чан Гэн эмнэлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Тайванийн Линкоу Чан Гэн эмнэлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тайванийн Линкоу Чан Гэн эмнэлэг 2022 оны 7-р сарын 6-ны өдөр алсын зайнаас цахим хэлбэрээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь цар тахал дэгдсэний дараах Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Линкоу Чан Гэн эмнэлэг байгуулж буй анхны хамтын ажиллагааны санамж бичиг болж байгаа тул ихээхэн ач холбогдолтой юм.

МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын хэмжээний хамгийн том эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн нэгдсэн эмнэлэг бөгөөд тус төвд жилд 10.000 нярай мэндэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа хэлсэн үгэндээ “Манай хоёр эмнэлгийн хооронд холбоо тогтоож өгсөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлж байна. Хоёр тал боловсон хүчин сургах, технологи солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсад эх, нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ өндөр түвшинд хүргэж, улам олон Монгол хүн гадны улс орныг зорилгүй, Тайваньтай дүйцэхүйц чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна.” гэв.

Тайванийн Линкоу Чан Гэн эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд эртнээс анхаарал хандуулж, чухалчилсаар ирсэн бөгөөд 2009 оноос хойш тус эмнэлгийн эмч нарын баг нь Тайванийн Нордхофф сантай хамтран Монгол Улсад нийт 10 удаа хүрэлцэн ирж, уруул тагнайн сэтэрхийтэй Монгол хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс ажилбар хийж байсан төдийгүй МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уруул тагнайн сэтэрхий эмчлэх мэргэжлийн багийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэхүү Монгол эмч нарын баг эдүгээ жил бүр 450 гаруй уруул тагнайн сэтэрхийн мэс ажилбарыг гүйцэтгэдэг болсон нь Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ болоод байна. Тайванийн Линкоу Чан Гэн эмнэлгийн ерөнхий захирал Чэнь Жиэнь Зун хэлсэн үгэндээ “МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоо тогтоож өгсөн явдалд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүнээ талархаж байна. Тайванийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын ололт туршлагаас Монгол Улстай хуваалцсанаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тайвань Монголын эмнэлгийн мэргэжилтний харилцаагаар дамжуулан талуудын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уригдан оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Тайваньчууд Монгол орны 1000 гаруй эмч, сувилагчдыг богино хугацааны сургалт семинарт хамруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, Тайваньчууд эмчилгээ оношилгооны туршлага болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Хоёр эмнэлэг хамтран ажиллах түншийн холбоо тогтоож, Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болсонд нэн таатай байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол орны хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” /Taiwan can help and Taiwan is helping/ гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлэн ажиллах болно гэж найдаж байна.” гэв.

Тайванийн Чан Гэн эмнэлгийн ерөнхий захирал Чэн Жиэнь Зун тус эмнэлгийг төлөөлөн, Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ үеэр тус эмнэлгийн дэд захирал Фэн Си Жун, дэд захирал Чиү Жэн Шүнь, дэд захирал Лай Чюн Хүй, Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Лу Жя Шю, Хүүхдийн тасгийн эрхлэгч Зян Дун Хэ болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа тус эмнэлгийг төлөөлөн, Тайванийн Чан Гэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бодлого, төлөвлөлтийн албаны дарга П.Жамъян, Хүний нөөцийн албаны дарга Б.Цэцэгмаа, Чанарын хяналтын албаны дарга А.Оюунчимэг, Гадаад харилцааны мэргэжилтэн Э.Лхагвадэмбэрэл, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Гао Жэн Сиан нар байлцав.

Тайванийн Чан Гэн эмнэлгийн ерөнхий захирал Чэн Жиэнь Зун болон Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа нар талуудыг төлөөлөн, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж