Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Шийдвэртэй холбоотойгоор аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж өнгөрсөн зургадугаар сараас сумдын наадам эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр, маргааш үргэлжлэх аймаг сумдын наадмын товыг хүргэж байна.
АРХАНГАЙН БУЛГАН, ТӨВШРҮҮЛЭХЭЭС БУСАД СУМД ӨНӨӨДӨР НААДАЖ БАЙНА
Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтайгаас хоёр сумын тэгш ой энэ жил тохиож байгаа. Тиймээс сум байгуулагдсаны 90 жилийн ой болж буй Булган, 80 жилийн ой тохиож байгаа Төвшрүүлэх зэрэг сумдын наадмыг долдугаар сарын 14-16-нд зохион байгуулахаар болжээ. Харин үлдсэн бүх сумын наадам өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх аж.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМ 25-27-НД НААДНА
Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 29-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Харин сумдын наадмын тухайд Цогтцэций сум долдугаар сарын 1, 2-нд наадсан бол Булган сум долдугаар сарын 25-27-нд баяр наадмыг зохион байгуулна. Бусад сумдын тухайд долдугаар сарын өнөөдөр буюу 7, 8-нд баяр наадмыг зохион байгуулж байна.
Цар тахлын хугацаанд тус аймагт өсвөрийн бөх барилдуулаагүй бол энэ жил тэгш ойн хүрээнд өсвөрийн бөхчүүдийг барилдуулж байгаагаар онцлог аж.
ЗАВХАН АЙМГИЙНХАН ТЭГШ ОЙГОО УЛСЫН НААДМААС ХОЙШ ТЭМДЭГЛЭНЭ
Завхан аймгийн баяр наадам ирэх сарын 10-12-нд болох бол сумдын баяр наадам долдугаар сарын 6,7-нд нэгэн зэрэг болсон. Түүхэн тэгш ой тохиож буй Алдархаан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОНТУУЛ СУМЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж зургадугаар сарын 13-нд гарч, баяр наадмын товыг баталсан байна. Тухайлбал, тус аймаг нийт 17 сумтай бөгөөд сумдын наадам зургадугаар сарын 24-нөөс эхэлсэн юм. Хуваарийн дагуу өнөөдөр тус аймгийн Орхонтуул сумын наадам эхэллээ. Мөн өнөөдөр Сант, Шаамар сумын наадам үргэлжилж байгаа.
Харин тэгш ой нь тохиож буй Хүдэр сумынхан энэ сарын 20-22-нд наадмын товоо гаргажээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТЭЭС БУСАД СУМДЫН НААДАМ ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
Хэнтий аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд нэгдсэн байдлаар болно. Харин Батширээт сумынх долдугаар сарын 14, 15-нд болох бол бусад сумдын наадам өнөөдөр хаалтаа хийнэ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫНХАН МАРГААШ НААДНА
Догшин хутагт Д.Данзанравжаагаар овоглодог Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 Сайншанд сум байгуулагдсаны 60, 61 жилийн баяр наадам ирэх сард тохионо. Аймаг орон нутгийн наадам нь хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорин баярладаг. Наадмын комиссоос Засаг даргын дамгын газартаа хүсэлт хүргүүлсэний дагуу дараах хуваариар сумдын наадмыг тэмдэглэх болжээ.
Сумдын наадмын хуваариас харвал Иххэт, Эрдэнэ сумынх долдугаар сарын 6, 7-нд болсон, Айраг, Хатанбулаг, Замын-Үүдийн харин өчигдөр эхэлж өнөөдөр өндөрлөх бол Дэлгэрэх сумынхан маргааш, нөгөөдөр наадах юм байна.
Харин Мандах сум 15, 16-нд, Хөвсгөл 21, 22-нд сумдын наадмаа хийхээр болжээ.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ СУМДЫН НААДАМ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн тухайд 90, 91 жилийн ой энэ жил тохионо. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс тус аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны долдугаар сарын 29-30-нд ойн баярыг тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ. Үүний дагуу тэгш ойн баяр наадмыг тэмдэглэх тов гарсан байна.
Сумдын наадмыг нэгтгэж ирэх сарын 8-9-нд наадах хуваарь гаргасан. Тиймээс өнөөдөр Өвөрхангайн сумдын наадам нээлтээ хийлээ.
Мөн Хархорум хот байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойг хамтатган тэмдэглэх хүсэлтийг Засгийн газарт уламжилсны дагуу тусгайлан ёслолын ажиллагаа хийх аж.
УВСЫН ХЯРГАС, НАРАНБУЛАГААС БУСАД СУМДЫН НААДАМ ӨНӨӨДӨР БОЛНО
Увс аймгийн Засаг даргын захирамж гарч, баяр наадмыг тэмдэглэх ажлын хэсэг болоод комисс сумдын наамдын бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Тухайлбал, тус аймгийн Хяргас сум долдугаар сарын 21, 22-нд болох бол Наранбулаг сумын 70 жилийн ойг долдугаар сарын 24-25-нд тэмдэглэх юм байна.
Харин бусад сумдын наадмыг нэгдсэн байдлаар буюу өнөөдрөөс эхлүүлэх тов гарчээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан нийслэлд "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болоод буй.
Холбоотой мэдээ