Их Британи, АНУ-ын Аюулгүй байдлын албаны дарга нар Хятадаас ирж буй заналхийллийн талаар сэрэмжлүүлэхээр хамтарсан уулзалт хийлээ. Урьд өмнө ийм төрлийн хэвлэлийн хамтарсан мэдэгдэл болж байгаагүй аж.
Холбооны мөрдөх товчооны (FBI) захирал Кристофер Врей мэдүүлэгтээ Хятад улс нь АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд урт хугацааны хамгийн том аюул заналхийлэл болсныг анхааруулав. Мөн Хятад сүүлийн сонгуулиудад хөндлөнгөөс оролцсон гэдгийг онцолжээ.
Их Британийн аюулгүй байдлын “MI5”-ын дарга Кен МакКаллум сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын халдлагаас сэргийлэхийн тулд хамгаалалтаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэв. Одоогийн байдлаар, “MI5” Хятадын Коммунист намын үйл ажиллагаатай холбоот мөрдлөгө явуулаад байгаа аж. “FBI”-ын Врей мөн Хятад Тайванийг эзэлсэн тохиолдолд дэлхий дахинаа үзэгдээгүй эдийн засгийн томоохон тасалдалт болохыг анхааруулжээ.
Тус хоёр улсын мэдэгдэлд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан хариу илгээсэн байна. Тэрбээр Их Британи, АНУ нь санаатайгаар Хятадыг “заналхийлэгч” нэр зүүлгэхийн тулд худал мэдээлэл тарааж байна гэв. Мөн хятадыг гүтгэж байгаа нь хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүй хэмээн шүүмжлэв.
“FBI” болон “MI5”-ын мэдээлснээр Хятадын хакерууд Их британи болон АНУ-ын төрийн сайтууд руу халдах оролдлого хийсэн. Мөн гений өөрчлөлттэй үр тариаг АНУ-д тариалахыг оролдсон ба сансар огторгуйн технологид халдаж, оюуны эрхийг хулгайлах гэж үзсэн аж. Мөн Хятадын засгийн газар энэ хавар Нью-Йоркт болсон Конгрессын сонгуульд шууд хөндлөнгөөс оролцсон. Учир нь Хятад Тяньаньмэний талбай дэх асуудлыг хөндсөн хүнийг нэр дэвшүүлэхийг хүсээгүй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ