Худалдаа хөгжлийн банк, Хаан банкийг залилж, байцаагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкийг залилсан хэрэгт холбогдуулан 2021 оны тавдугаар сарын 29-нд эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн. Тухайн үед сэжигтэн Б.Бямбадорж оргон зайлсан бөгөөд өнөөдөр /2022.07.08/ түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайсаар Ховд аймгаас баривчилсан байна. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 20 сая төгрөг амлаад байсан билээ.
Эргэн сануулбал, Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилсан юм.
Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнийг баривчилсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадаадын компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн байжээ. Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байв.