Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.
Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео-той уулзлаа.
Айлчлалын хүрээнд Сингапурын Темасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагад зочилж, СингапурынХарилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай тус тус уулзаж, дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрч байгааг Ерөнхий сайд тэмдэглэжСингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Сингапурын хуримтлалын сангийн туршлага, менежмент, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, МИАТ төрийн өмчит компанийг сонгон загвар маягаар хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.
Эх сурвалж: ЗГ